Боловсролын бүх шатны байгууллагын үйлчилгээг төв талбайгаас авах боломж олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-05-26 12:09:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Монголын их дээд сургуулиудын консорциум /МИДСК/-тай хамтран зохион байгуулж буй "Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус өдөрлөг өнөөдөр дээд боловсролын салбарын үйл ажиллагаагаар эхэлж буй юм.
Энэхүү өдөрлөг нь төрөөс боловсролын салбарт баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой.

Өдөрлөгийн нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь оролцож үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, “Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийн бодлого нь  мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах ур чадвар бүхий өрсөлдөх чадвартай монгол хүнийг төлөвшүүлэхэд чиглэж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэлд суурилсан дээд боловсролын тогтолцоо, судалгаанд чиглэсэн их сургуулийг хөгжүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. Сургалтын байгууллага болон үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэх, багш оюутны судалгааны ажлыг дэмжих, сургуулиудын лабораторийн орчныг сайжруулахад багагүй хөрөнгө зарцуулаад байна.  Түүнчлэн боловсролын зээлийн сан байгуулах “Орлоготой оюутан” хөтөлбөрийг батлан гаргалаа. Манай зарим их, дээд сургуулийн сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажил, бүтээлийн  үр дүн нь дэлхийн хэмжээний их, дээд сургуулийн түвшинд хүрэх боломжтой болж байгаа юм” гэв.

Өдөрлөгт Нийслэлийн Боловсролын газар, "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл", "Боловсролын зээлийн сан", Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын Үнэлгээний төв, 1000 инженер төслийн баг зэрэг нийт 40 орчим байгууллага үйл ажиллагаагаа танилцуулж байна.

Энэ үеэр их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д хэрхэн элсэх, мэргэжлээ хэрхэн сонгох, сургалтын төлбөрийн зээл хэрхэн хүртэх чиглэлээр зөвлөгөө өгч байлаа.



Мөн их, дээд сургуулиудын инновацийн бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ үзүүлэхээс гадна оюутнууд шилдэг бүтээлийнхээ үр дүнг нээлттэй танилцуулж байв.

Өдөрлөгийн үеэр дээд боловсролын хөгжлийн түвшинтэй биечлэн танилцаж, цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо илэрхийлэх, тодорхой сонголт хийх боломжтой. Харин маргааш ЕБС, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд оролцох юм. Энэ үеэр бүх шатны боловсролын байгууллагууд иргэд, олон нийтэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, санал, хүсэлтийг хүлээн авч, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ.

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа, төрийн бодлого, хууль тогтоомжтой танилцаж, боловсролын салбарын үйлчилгээг нэг дороос авах боломжийг ийнхүү олгож байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Холбоотой мэдээ