ДЭМБ-ын 2018-2019 оны төсвийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-05-26 18:02:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын 70 дугаар чуулганаар 2018-2019 оны төсвийн төслийг хэлэлцэж 4421.5 сая ам.доллар байхаар баталлаа. Гишүүн орнуудын албан ёсоор өгөх хандивын хэмжээг 3 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэв гэж ЭМЯ-наас мэдээллээ. 

Энэхүү батлагдсан төсөв нь Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн ДЭМБ-ын тэргүүлэх чиглэлээр боловсруулагдсан бөгөөд шинээр ДЭМБ-ын бэлэн байдлын хөтөлбөр /69.1 сая ам.доллар/ болон нянгийн тэсвэржилтийн эсрэг тэмцэх /23.2  сая ам доллар/ зэрэг шинэ шинэ үйл ажиллагааг санхүүжүүлэхээр тусгасан байна.
 
Тус чуулган А болон Б гэсэн үндсэн хоёр хороонд хуваагдан үргэлжилж байгаа бөгөөд А хорооны хуралдаанд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, Б хороонд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо нар тус тус оролцож байгаа юм.
 
Харин А хорооны хуралдаанаар Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт, нянгийн тэсвэржилт, онцгой байдлын үеийн бэлэн байдал, эрсдлээс сэргийлэх олон талт арга хэмжээ зэрэг асуудлыг авч хэлэлцлээ. Тухайлбал, нянгийн тэсвэржилтийн асуудлаар ДЭМБ тунхаглал гаргаж, “Нэг эрүүл мэнд” хандлагыг дэлхийн бүх орны эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийлсэн байна. Энэхүү бодлого нь нянгийн тэсвэржилтийн асуудал нь ганц эрүүл мэндийн салбарынх бус хүнс, хөдөө аж ахуй болон бусад салбартай хамтарч ажиллах шаардлагатайг тодорхойлж байгаа юм. 
 
Дашрамд дурдахад, өнгөрсөн хугацаанд “Нэг эрүүл мэнд” хандлага нь дэлхийн 35 оронд антибиотекийн хэрэглээнд үндэсний түвшинд хэрхэн хяналт шинжилгээ хийх талаар аргачлал боловсруулж, боловсон хүчнийг сургаж, бэлтгээд байгаа аж.

Ж.Болор
Холбоотой мэдээ