Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд био уут хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-05-30 11:00:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүрээлэн буй орчноо хамгаалах, байгальд хоргүй аялал, жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “М-Си-Эс Кока-Кола” компани Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд байгальд хоргүй 1000 ширхэг  био уут хүлээлгэн өглөө.

Тус компани 2009 оноос Хан-Хэнтий, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрууд, Хархорин зэрэг дотоод гадаадын жуулчид ихээр очдог газруудад био уутыг үнэ төлбөргүй тарааж буй юм. Өнгөрсөн хугацаанд нийт 170 мянган био уут тараасан хэмээн “М-Си-Эс Кока-Кола” компанийн менежер Ш.Отгонцэцэг  хэллээ.

Уг хогны уут нь таван кг-ийн багтаамжтай бөгөөд байгальд сөрөг нөлөөгүй, хөрсөнд хурдан шингэдэг давуу талтай аж. Уут тараасны үр дүнд аялагчид хогоо цэвэрлэж, хогийн цэгт хаяж хэвшсэн байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэд ууланд алхах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг болсон. Тиймээс Богд уулын байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах, аялагчдын тав тухтай байдалд хувь нэмрээ оруулах үүднээс Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд байгальд хоргүй  био уут хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Цаашдаа Горхи Тэрэлжийн байгалийн тусгай хамгаалалттай газруудын захиргаанд био уут хүлээлгэн өгөх аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ