Сүхбаатарын 12 сургууль тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-30 16:28:40
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУСЯ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн гурав дахь ээлжийн тэтгэлэг болох сургуулийн тэтгэлэгийн 81,6 сая төгрөгийг Сүхбаатар аймгийн 12 сургуульд олгохоор болжээ. Энэ жилийн хувьд энэхүү тэтгэлэг нь 1-5 дугаар ангийн сурагчдын математик, монгол хэл, байгалийн ухааны хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих чиглэлд зарцуулагдах юм.
Сүхбаатар аймгийн хэжмээнд 16 сургууль бий. Эдгээр сургуулиуд 2016 онд бүгд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан бол 2017 онд нийт сургуулийн 75 хувь нь буюу 12 сургууль хамрагджээ. Хамрагдсан сургууль бүр өөрсдийн бичиж боловсруулсан төслийг хэрэгжүүлэх замаар санхүүжилтийг зарцуулна. Төсөл ирэх хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ. Үүнээс гадна аймгийн бүх сургуульд 91,3 сая төгрөгийн STEM сургалтын хэрэглэгдэхүүний 371 багцыг олгохоор шийдвэрлэжээ. Эдгээр тэтгэлэгүүдийг аймгийн боловсрол соёл урлагийн газрын зүгээс бүх сургуулийн удирдлагуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр олгох юм байна.
Өнгөрсөн оны хувьд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр хэд хэдэн сумдад маш амжилттай хэрэгжсэн. Жишээлбэл: Түвшинширээ сумын Сэргэлэнгийн жүжигчин хүүхдүүд, асгат сумын Монгол арлын хөлгөн тоглоом, Баруун-Урт сумын гуравдугаар БДС-ийн Хөгжимчин хүүхдүүд зэрэг төслүүдийг дурьдаж болох юм.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ