Хүүхдийн эрхийг нэг өдөр биш 365 хоногийн турш хамгаалж байхыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-30 21:13:17
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монгол Улсад 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тус өдрийг угтаж, Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл сэтгүүлчдэд хандлаа.
Тэд хүүхдийн аз жаргалтай, амар тайван байх боломжийг ганцхан 6 сарын 1-ний өдрөөр бус жилийн 365 хоногт хангаж байхыг нийт эцэг эхчүүдэд хандан хэлж уриалсан юм. Тухайлбал гэр бүл, эцэг эх, олон нийтийн санамсаргүй байдлаас болж хүүхдүүд хохирох асуудал их гардаг, эцэг эхчүүд хүүхэд хамгааллын талаар ойлголт муу байдгийг хэлж, Хүүхдийн эрхийн конвенцид заасан хүүхэд хамгаалах журмыг бүх нийтээрээ хэрэгжүүлж байхыг хүслээ.
Мөн эцэг эхчүүд хүүхдээ хайрлаж, харж хандахыг идэж уух, өмсөх зүүхээр хангах төдийгөөр хязгаарладаг. Харин бид аав, ээжийгээ ажлаасаа тавхан минут хөндийрөөд хүүхдүүдтэйгээ ярилцаж, юу хүсэж байгааг нь сонсдог байгаасай, хүүхдийнхээ дотоод ертөнцөөр аялаасай гэж хүсдэг хэмээв. Хэрвээ үр хүүхдэдээ анхаарал тавьж, дэмжиж тусалж, зөвөөр хөгжүүлж чадвал ирээдүйд Монгол эх орондоо тус нэмэртэй, сайн хүн болж төлөвшинө гэж байсан юм.
Түүнчлэн сургуулийн орчинд хүүхдийг ар амьдрал, өмсөж зүүхээр ялгаварладаг, цахим ертөнцөд хүүхдийн нэр хүндэд халдах, доромжлох асуудал их гардаг, хичээл, сургуулиасаа оройтож тараад явахад нохойнд хөөгдөх, уруулах, угаадсанд хальтирч ойчих зэргээр бэртэл гэмтэл авдаг, өвлийн улиралд хурдан морины унаач хүүхдүүд гар хуруу, нүүр амаа хөлдөөдөг зэрэг олон тулгамдсан асуудлыг дэлгэн ярьлаа.
Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн Тусгай бүлгийн сурагч О.Мөнхчимэг:
- Манай тусгай бүлгийн ангид хараагүй, сонсголгүй, сэтгэцийн бэрхшээлтэй 37 хүүхэд суралцдаг. Гэсэн ч манай ангиас өнгөрсөн онд 1 Дэлхийн аварга, 7 Ази тивийн аварга төрсөн. Хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байсан ч бусад хүүхдүүдийнхээ адил хөгжиж чаддаг, хүүхэд бүрт өөр өөрийн гэсэн давуу тал, авъяас чадвар байдаг юм. Биднээс гадна сургуульд сууж, өөрийгөө хөгжүүлж  чадаагүй хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг сургуульд хамруулж, хөгжүүлэх тал дээр удирдлагууд анхаараасай гэлээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ