Сүхбаатар аймгийн ИТХ-ын даргаар Б Мөнхбат сонгогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-02 08:54:34
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15 цагт эхэлж, шөнийн 01 цаг хүртэл үргэлжилсэн. Тус хуралдаанаар төлөөлөгч Ц.Алтансүх хурлын төлөөлөгчөөс өөрийн биеэр татгалзаж, П.Мөнхжаргалын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөнөөр аймгийн ИТХ-д МАН-16, АН-16 суудалтай болсон юм. Улмаар аймгийн ИТХ-ын даргаар АН-ын төлөөлөгч Б. Мөнхбат сонгогдлоо.
“Намууд хэдхэн хоногийн өмнө зөвшилцлийн санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллахаар болсон. Бид хуралдааны товыг хоёр хоногийн өмнө тараасан. Аймгийн ИТХ-ын товыг 15-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой боловч бид хэлсэнчлэн нэгдүгээрт санамж бичгийнхээ дагуу, хоёрдугаарт аймаг орон нутаг, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө ийнхүү хуралдаанаа хийж байна. Үүнийг төлөөлөгчид ойлгох хэрэгтэй. Энэхүү хуралдаан үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна, амжилт хүсье...” хэмээгээд аймгийн ИТХ-ын дарга Б.Гансүх хуралдааныг нээсэн.  31 төлөөлөгч буюу 96,8 хувийн ирцтэй эхэлсэн хуралдааны хамгийн эхний хэлэлцсэн асуудал бол төлөөлөгч Ц.Алтансүхийн нэрийг татуулах байсан. Түүний хувьд хуралд өөрийн биеэр хүрэлцэн ирж хурлын төлөөлөгчөөс татгалзаж буй өргөдлөө албан ёсоор танилцуулсан. Үүний дараа АН-ын төлөөлөгч П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч хурлын төлөөлөгчийн үнэмлэх, тэмдэгийг гардуулан өгсөн юм. Ингэснээр Сүхбаатар аймгийн ИТХ-д МАН-16, АН-16 суудалтай боллоо.
Хоёр намын зөвшилцлийн санамж бичигт тусгагдсан  дараагийн гол асуудал бол ИТХ-ын даргыг АН-ын бүлгээс сонгох явдал байсан. Ингээд АН-ын бүлгээс төлөөлөгч Б. Ганцогтын нэрийг дэвшүүлсэн. Харин АН-ын төлөөлөгч Б.Мөнхбат заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн юм. МАН-ын төлөөлөгч Л. Аваадорж Д. Хосбаярын нэрийг дэвшүүлсэн боловч тэрээр нэрээ татсан. Ингээд хоёр нэр дэвшигч дээр санал хураалт явагдаж Б.Ганцогт 15, Б. Мөнхбат 17 хүний санал авч, нэр дэвшигч Б.Мөнхбат 53,1 хувийн саналаар ялалт байгуулж, аймгийн ИТХ-ын даргаар сонгогдож, хуучин дарга Б. Гансүхээс тамгаа гардан авлаа.
Хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын хэлэлцэн баталж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцсэн ч төлөөлөгчдийн санал тэнцэж, дахин хойшлогдлоо.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ