Оны сүүлчээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-03 14:14:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Чандмань 15" 100 хүүхдийн цэцэрлэг бүхий оффисын барилгын ажил 1.2 тэрбум төгрөгийн төсвөөр баригдаж байна.
Төсөвт өртгийн 1/5 буюу 250 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргаж байгаа бол бусад зардлыг Э.Энхбат захиралтай "Чандмань Баянхонгор" ХК өөрсдийн нөөц бололцоогоор гүйцэтгэж байгаа аж.

Барилгын ажил улирагч 5 сараас эхэлсэн бөгөөд компанийн тоног төхөөрөмж, хүн хүчийг ашиглан түргэн хугацаанд барьж байгуулахаар ажиллаж байна. Гүйцэтгэл энэ оны дөрөвдүгээр улиралд дууссанаар тус цэцэрлэг бүхий оффисын барилгыг орон нутгийн өмчид шилжүүлнэ.

Сонирхуулахад, "Чандмань 15" хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орох үеэр нь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд гал тогооны тоног төхөөрөмж, зөөлөн эд, цагаан хэрэглэл, доторх тохижилтыг шийдвэрлэж өгөхөө илэрхийлжээ.
                                                                                                                           Б.Мөнхзул



                                                                                                            
Холбоотой мэдээ