Айраг сум шинэ сургуультай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 15:50:57

Дорноговь аймгийн Айраг сум 320 хүүхдийн багтаамжтай шинэ сургуультай боллоо. Энэхүү эрдмийн өргөөг улсын төсвийн  нэг тэрбум долоон зуун сая гаруй төгрөгийн хөрөнгөөр чамгүй хөөцөлдөлгөө, олон хүний хүч хөдөлмөрөөр, санхүүгийн хүндрэл бэрхшээл зэргийг туулан байж бүтээн босгосон тухай албаныхан ярив.

Барилгын гүйцэтгэгчээр “Идэр чандмань” ХХК ажиллаж хүйт орохоос өмнө ажлаа дуусгаж ашиглалтад оруулснаар 10 дугаар сарын 27-нд нээлтээ хийсэн юм. Тус сургууль 1940 онд байгуулагдсан бөгөөд 1974 онд долоон жилийн сургалттай сургууль, 2008 оноос арван жилийн сургалттай сургууль болон өргөжсөн түүхтэй. Харин 1976 онд 320 хүүхдийн багтаамжтай бага сургууль баригдсанаас хойшхи  томоохон хөрөнгө оруулалт нь энэхүү шинэ сургуулийн бүтээн байгуулалт  аж. Тус сургууль 675 хүүхэдтэй бөгөөд өмнө нь бүтэн хоёр ээлжээр хичээллэдэг байсан бол шинэ сургууль ашиглалтад орсноор нэг ээлжээр  хичээллэх боломжтой болж сурагчдын сурах орчин дээшилж,  хичээлээс гадуур дугуйланд суралцаж өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдэн, багш сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах нөхцөл боломж хангагджээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Цэцэгмаа,  БСГ-ын дарга Ч.Отгонбаяр, ГХБХБГ-ын Г.Бат-Ирээдүй, Сумын ИТХ-ын дарга Б.Туулайхүү,  Засаг дарга С.Ганбаатар сургуулийн захирал О.Одончимэг нарын албаны хүмүүс оролцов.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ