Өмнөговь аймгийнхан ирэх сарын 6,7-нд наадамлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-07 16:31:57

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт баяр наадмаа ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулах тов гарлаа.
Тулгар төрийн 2226, их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96, Өмнөговь аймгийн түүхт 86 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн бэлтгэл ажилдаа ороод байна. 
Аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир баяр наадмыг зохион байгуулах комиссынхонд тусгаар тогтнол, эв эеийг нэгтгэсэн уламжлалт баяр наадмаа өргөн дэлгэр, шинэлэг, аймаг орон нутгаас төрөн гарсан алдартнуудаа хүндэтгэсэн сайхан наадам зохион байгуулахад санаачлагатай ажиллахыг хүслээ. 
Баяр наадмыг зохион байгуулахдаа ёслол хүндэтгэлийн, урлаг соёлын, хурдан морины, үндэсний бөхийн, сур, шагайн харвааны, хэв журмын, үйлчилгээний ажлын хэсгүүдийг байгуулан төлөвлөгөөгөө гарган ажиллаж байгаа ажээ. 

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар баяр наадмыг хэт их тансаглал, аархах байдлаас татгалзаж, нутгийн түмэн, наадамчин олноо хүндэтгэсэн, гэмт хэрэг зөрчилгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй зардал гаргалгүй тэгш сайхан зохион байгуулахыг үүрэг болголоо.

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ