Хууль зүйн сайд: ОХУ-тай холбоотой мөрдөн байцаалтад саад хийх тохиолдолд Д.Трампыг шалгахаас аргагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-08 09:32:35
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Хууль зүйн яамны сайд, АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч Род Розенстайн хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль сахиулах байгууллагуудын мөрдөн байцаалтанд саад учруулах юм бол өөрөө шалгагдаж болохыг үгүйсгэсэнгүй. Тэрбээр энэ тухай АНУ-ын Конгрессийн тусгай хорооны тагнуулын талаар хийсэн сонсгол дээр хууль тогтоогчдын асуултанд хариулахдаа хэлжээ.
“Холбооны мөрдөн байцаалтыг явуулахад саад хийх гэж оролдсон хэнийг ч мөрдөн шалгах болно” хэмээн Р.Розенстайн тусгай хорооны сонсгол дээр Марк Уорнерын “Ерөнхийлөгч хуулиас дээгүүр үү” гэсэн асуултанд хариулахдаа онцлон тэмдэглэжээ. Сенатор Орос улс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцсон талаар хийгдэж буй мөрдөн байцаалтын явцад төрийн тэргүүн хэрхэн нөлөөлж байгааг мэдэхийг хүсчээ.
Мөн Сенаторууд Хууль зүйн яамны орлогч сайдаас Холбооны мөрдөх товчооны захирал асан Роберт Мюллерыг ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийн мөрдөн байцаалтад хяналт тавих тусгай прокуророор томилсон талаар асуужээ. Р.Мюллер-ээс уг хэргийг хараат бусаар шийдвэрлэж чадна гэсэн бичгээр хийсэн амлалт авахуулахыг Р.Розенстайнаас хүсчээ. Тусгай прокурорт Д.Трампын сонгуулийн кампанит ажил Оросын албан тушаалтнуудтай холбоотой гэх хэргийн мөрдөн байцаалтыг явуулах “зохих бүрэн эрх” олгогдсон гэж Р.Розенстайн мэдэгдсэн төдийгүй төрийн тэргүүн мөн Р.Мюллерийг халах боломжгүй гэдгийг тэрбээр онцлон дурджээ.
Р.Розенстайн мөн АНУ-ын засаг захиргааны талаарх чухал мэдээлэл ОНМХ-д задарсан цөөнгүй тохиолдлын талаар тайлбар хийж, “Мэдээлэл задруулах нь гэмт хэрэг” гэдгийг онцолсон байна.
О.Барс 
Холбоотой мэдээ