Сайн дураар цусаа бэлэглэхийн ач тусыг олон нийтэд таниулах өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-08 09:38:07
Дундговь/МОНЦАМЭ/ Бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө цусаа бэлэглэдэг энэрэнгүй үйлстнийг дэлхий нийтээр алдаршуулах өдөр энэ сарын 14- нд тохиодог. Өнөө жил Дэлхийн цусны донорын өдрийг “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэе” уриатай тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ уриан дор хүндэт донорууд болон тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудад талархал илэрхийлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулах өдөрлөгийг Дундговь аймгийн Цусны төв, аймгийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран төлөвлөжээ.
Дундговь аймгийн Цусны төвд өнөөдрийн байдлаар 298 донор бүртгэлтэй байна.Донорууд тогтмол хугацаанд цусаа бэлэглэснээр жилд дундажаар 100 орчим литр цусны хэрэгцээг хангаж байгаа бөгөөд тэдний эгнээнээс 78 хүндэт донор төрсөн байна.
Цусны доноруудын өдөрт зориулсан өдөрлөгийн үеэр донороос цус,цусан бүтээгдэхүүн хэрхэн бэлддэг, цус алдсан хүн өвчтөнд цусан бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэдэг зэргийг үзүүлэх сургуулиар олон нийтэд харуулж, цусны донор байхын ач холбогдлыг өргөн хүрээнд таниулан сурталчлах юм байна. Мөн энэ үеэр сайн дурын авлагагүй цусны донор элсүүлж, доноруудын эгнээг өргөтгөх үйл ажиллагааг төлөвлөж байна.
 
Т. Отгонтуяа 
 
Холбоотой мэдээ