Назарбаев: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Астанагийн саммит-ээс тус байгууллагын шинэ түүх эхэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-09 16:17:40
АСТАНА./TASS/. Кахастан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Астанад болсон ШХАБ-ын саммит-ээс тус байгууллагын шинэ түүх эхэлж байгаа гэж мэдэгджээ. Энэ тухай Казахстан улсын төрийн тэргүүн ШХАБ-ын хуралдааны үеэр мэдээлжээ.

“Астанагийн саммитээс манай байгууллагын шинэ түүх эхэлж байна гэж хэлж болно. Одоогийн энэ хуралдаан зургаан талд томьёоллоор сүүлийн удаагаа явагдаж байна. Өнөөдөр бид Энэтхэг улс, Лалын бүгд найрамдах Пакистан улсыг хүлээн авах процедурыг дуусгаж “ШХАБ-ын гишүүн орны статус олгох шийдвэрт гарын үсэг зурахаар тохиролцлоо” хэмээн Н.Назарбаев хэлжээ.

Казахстан улсын Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, “шинэ гишүүдийг хүлээн авах нь тус байгууллагыг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц болох төдийгүй тус байгууллагын олон улсын нэр хүндийг дээшлүүлэхэд дэмжлэг болох” ажээ. Мөн тэрбээр саммитад оролцогчид олон улсын терроризмийн эсрэг хамтран тэмцэх, хэт даврах үзлийг сөрөн зогсох конвенцид гарын үсэг зурахаа төлөвлөж байгаа гэж онцлон тэмдэглэжээ.

“Өнөөдөр ШХАБ-ын үйл ажиллагаа геополитикийн сүүлийн үеийн чиг хандлага, дэлхийн эдийн засгийн суурь хандлагыг тооцож байгаа. Хамтран гаргасан шийдвэрийг бүгдийг нь үр ашигтай хэрэгжүүлэх голлох зорилгодоо тууштай хүрэх системтэй ажил хийгдэж байна” хэмээн Н.Назарбаев тэмдэглэн хэлжээ. Түүний хэлснээр, аюулгүй байдал, тогтвортой байдлын заналхийлэл, шинэ хүндрэл бэрхшээлийг даван туулах асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа аж. “тухайлбал, энэ саммитын хүрээнд олон улсын терроризмтой тэмцэх мэдэгдлийг батлах, түүнчлэн хэт даврах үзлийг сөрөн зогсох конвенцид гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэ нь дэлхийн энэ хөнөөлт асуудалтай тэмцэхад ШХАБ-ын оруулах томоохон хувь нэмэр болно” гэж Казахстаны Ерөнхийлөгч онцлон дурджээ.

ШХАБ-ыг байгуулах тунхаг бичигт Казахстан, Киргиз, Орос, Таджикистан, Узбекистан гэсэн зургаан орон 2001 оны 6 дугаар сард Шанхай хотод гарын үсэг зурсан юм. тус байгууллагын үйл ажиллагаанд Афганистан, Беларусь, Энэтхэг, Иран, Монгол, Пакистан гэсэн ажиглагч зургаан орон, түүнчлэн Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри-ланка гэсэн яриа хэлэлцээний түнш орнууд оролцдог юм.  
О.Барс 


Холбоотой мэдээ