Төв аймгийн Лүн суманд хонины цэцэг өвчин гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-12 14:22:14
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Лүн сумын хоёр голомтод хонины цэцэг өвчин дэлгэрч 32 өрхийн 234 хурга өвчлөөд байна.

Тус сумын 12 мянган метр квадрат талбайг хамарсан, 32 өрх, айлийн 266 хурганд малын гоц халдварт хонины цэцэг өвчин халдварлажээ. Одоогоор тус суманд малын халдварт өвчинтэй тэмцэх, хорио цээрийн арга хэмжээг аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн тасаг, сумын мал эмнэлгийн мэргэжилтнүүд зааврын дагуу авч дэглэм тогтоон, хяналтын найман цэг ажиллуулж байна. 

Мал эмнэлгийн эмч нар үзлэг, тандалт, хяналт шалгалтыг явуулж өвчилсөн 266 хургыг устгалд оруулсан байна. Хорио цээр тогтоон хургануудад нэмэлт вакцинжуулалт хийгдсэнээс хойш сүүлийн тав хоногт нэмж өвчлөл нэмэгдэлгүй хумигдаж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.

Төв аймгийн Лүн суманд өмнө нь малын гоц халдвар өвчин гарч байгаагүй юм. Хонины цэцэг өвчин гарсан нь малчдын отор нүүдэл, зэргэлдээх сумдын малын өвчлөл, өвөл хаврын малчдын нүүдэл зэрэгтэй холбоотой гэдгийг Төв аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга Б.Болдбаатар хэлж байна.

Иймд малчин иргэд малын шилжилт хөдөлгөөн хийхдээ анхааралтай хандаж, төл мал халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг тэрээр сануулав. 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ