Залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж, ажилтай болоход нь дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-12 14:37:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв” залуучуудын дунд зохион байгуулж буй хоёр дахь удаагийн сургалтыг эхлүүллээ. 

Тус төвийн дэргэд мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургахаар БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-ын санхүүжилт бүхий төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран ажиллаж байна.

Өнөөдөр тус төвд болж буй "JAWA" хөгжүүлэлт болон вэб хөгжүүлэлтийн хоёр дахь удаагийн сургалтад 54 хүн шалгалт өгч тэнцэн гурван сарын туршид үнэ төлбөргүй суралцах юм. 

Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир хэлэхдээ, "Бид мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх бололцоог бүрдүүлж байна. Монгол  залуус мэдлэг оюунаа дайчилж, дэлхийн түвшинд хүрэх, амьдралын чанараа дээшлүүлэх, эх орондоо өндөр хөгжилтэй орнуудын төсөл дээр хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Саяхан болсон “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн нээлт дээр Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх 8 компанийн төлөөлөл хүрэлцэн ирж цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцсан. Сургалтад сууж амжилттай төгссөн иргэдийг гадны төслүүд дээр ажиллуулах талаар шат дараатай арга хэмжээ авч ажиллан” гэв. 

Мөн үеэр “Эм Кэй Ай Ти" төвийн сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш. Төгсбаяр ярихдаа, “Манай сургалт дадлага давамгайлсан аргаар явж буй учир гурван сарын дотор суралцагсад маань  өндөр түвшинд  ажиллах боломжтой болно. Мэдээллийн технологийн чиглэлийн гадны төслүүд дээр ажиллаж байгаа туршлагатай, тэргүүлэх зэргийн багш нар хичээл заана. Бид одоогоор сургалт явуулахаас гадна мэдээллийн технологийн чиглэлийн 15 төсөл дээр ажиллаж байна. Сайн суралцсан суралцагчдыг “Бизнес инкубатор төв”-дөө дадлага хийлгэж, дадлагын хугацаанд “Эм Кэй Ай Ти" сургалтын төвөөс сар бүр дөрвөн зуун мянган төгрөгийн санхүүжилт  олгох боломжтой" хэмээн онцлов.

Программ хангамжийн суурь сургалтад гурван сарын хугацаанд суралцсан иргэд мэргэжлийн сертификаттай төгсөх  аж.

Б.Заяа
Холбоотой мэдээ