Фэйсбүүк хаягаар залилуулахаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-12 16:06:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах, хөрөнгө завших гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Монгол Улсын иргэдээс цахимаар танилцсан аль орны хэн болох нь тодорхойгүй иргэнтэй харилцаж эргэн төлөгдөх эдийн засгийн баталгаагүй нөхцлөөс үүсэх хор уршгийг тооцоолохгүй мөнгөө шилжүүлснээс онц хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг ихсэх хандлагатай болсныг иргэдэд сэрэмжлүүлэв.
Жишээлэхэд, фэйсбүүк хаягаар өөрийгөө АНУ-ын иргэн Роберт гэж танилцуулан Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-ын цэргийн командлагч, генерал цолтой, нэг хүүхэдтэй, эхнэр нас барсан гэж танилцуулж, Индонез улсын Жакарта хотод Эдийн засгийн хамгаалалтын компанид байршуулсан миний нэр дээрх 5 сая 500.000 ам доллар бүхий хайрцгийг Монгол Улс руу шилжүүлэн авч хадгалж байх санал тавьж өөртөө итгүүлэн энэ мөнгийг авахын тулд урьдчилан шилжүүлгийн зардал төлөх ёстой мэтээр ойлгуулж 20,750 евро Индонез улс руу шилжүүлэн залилан авсан, мөн Франц улсын иргэн гэж өөрийгөө танилцуулан Nadine гэх үл таних хүнтэй зарын дагуу Монгол Улсын нэр бүхий иргэнтэй цахимаар холбогдож улмаар 2 хувийн хүүтэй зээл хүсч, зээлийн төлбөр нийт 15827 ам.долларыг арилжааны банкаар дамдамжуулан жилийн 0,2 хувийн хүүтэй 10-25 жилийн хугацаатай 9-10 сая еврогийн зээл олгоно гэж итгүүлэн зээлийн урьдчилсан төлбөрт 28.000 ам. долларыг арилжааны банкаар дамжуулан шилжүүлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг цагдаагийн газраас шалгаж байна. Ийм гэмт хэргийг олон улсад "419 залилан", "Өв залгамжлалын луйвар", " "Нигерийн захидал" гэж нэрлэдэг аж.Энэхүү үйлдлийн улмаас хохирсон иргэдийн гомдол мэдээллийг хүлээн аваад цагдаагийн байгууллагаас шалгахад аль улсынх болох нь тодорхойгүй, интерполийн шугамаар мэдээлэл авахад ч хүндрэлтэй байдгаас гэмт этгээдийг тогтоох, учирсан хохирлыг буцаан төлүүлэх нөхцөл хомс болдгийг тус хэлтсээс анхааруулж байна. Мөн ийм гэмт хэргийн эзнийг авчрах, шалгах эрх зүйн зохицуулалт ч манай улсад байдаггүй. Тиймээс гэнэт баяжих, бизнес санал таньж мэдэхгүй хаяг, хувь хүн, гадаадын улс орноос ирүүлэх, аз таарлаа, сугалааны хонжворт бэлэн мөнгө авах боломжтой, өв залгамжлагч болно, хямд, бага хүүтэй зээл авна уу гэх зэрэг мэдээллүүдэд итгэхгүй байхыг ч сануулж байна. Хэрвээ ийм мэдээллийг шалгуулах, эргэлзэх тохиолдолд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах, Хөрөнгө завших гэмт хэрэг мөрдөх хэлтэст хандана уу гэж хүсч байна. Мөн  тус албанаас хэвлэл мэдээлийн байгууллагатай хамтран ажиллах, иргэдэд сэрэмжлүүлэх албан бичгийг хүргүүлээд байна.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ