Экстрим аялал, усан спорт эрчимтэй хөгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-20 11:33:48
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Сүүлийн үед Баян-Өлгий аймагт экстрим аялал, усан спорт эрчимтэй хөгжиж байна.

Энэ жил залуучууд санаачилга гарган Экстрим спорт, усан спортын холбоог үүсгэн байгуулсан бөгөөд 7 хоногт 3 удаа явган аялал, дугуйн аялал, усан аялал зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, залуучууд ч идэвхтэй оролцож байгаа талаар тус холбооны тэргүүн А.Кенжебай мэдээллээ.

Холбооны зүгээс 7 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Архангай аймгийн Суман голд болох рафтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эрэгтэй, эмэгтэй тус бүр 6 хүний бүрэлдэхүүнтэй багаа бүрдүүлж, бэлтгэлээ хангаад байгаа аж.  

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн Скаутын холбооны хүсэлтээр ирэх сард болох Жембори майхант цугларалтад оролцох 12 хүүхдэд хичээл заажээ. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга, Экстрим спорт, усан спортын холбооны хүндэт тэргүүн Д.Бауыржан өөрийн биеэр хүрэлцэн ирж, тамирчдын бэлтгэл сургуулилтын явцтай танилцан мэргэжлийн завь бэлэглэсэн байна.

Экстрим спорт нь тэсвэр тэвчээр, эр зориг шаардсан эрсдэлтэй спорт бөгөөд ширүүн урсгалт гол мөрөнд завиар аялах болон агаарын спортын төрлүүд хамаарах юм. 
Ө.Нурболат
        
Холбоотой мэдээ