Цэвэр орчин бүрдүүлэх болзолт уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-20 20:32:58
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Цэвэр орчинд цэмцгэр амьдрах боломжийг Та бүтээж чадна" гэсэн уриатай уралдааныг Баянхонгор сум түүхт 60 жилийн ойгоо утгаж зарлалаа. Нийт 10 сая төгрөгийн шагналын сан бүхий тус уралдаан ирэх сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилж, Баянхонгор хотын 60 жилийн ойн арга хэмжээний үеэр  уралдаанд шалгарагсдад шагналыг нь гардуулна.
Тус уралдаан байгууллага хамт олон, иргэдийн оролцоонд тулгуурлан, хотын соёлыг дэлгэрүүлэх, иргэдийн хүрээлэн буй орчны нөхцөлийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой.
Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Шилдэг  тохижилттой” аж ахуйн нэгж, албан байгууллага хувийн хэвшлийн бүх төрлийн үйлчилгээний байгууллага хамт олноос шилдэг дөрвийг шалгаруулж 2 сая хүртэлх мөнгөн урамшуулал олгоно. Болзолт уралдааны үйл ажиллагааг чанартай зохион байгуулж хэрэгжүүлсэн Багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, бүртгэл мэдээллийн ажилтнуудаас бусдыгаа хошуучилсан гурвыг шалгаруулж 100-500 мянган төгрөгөөр шагнана.
Мөн уралдааны болзол хангасан “Шилдэг тохижилттой” Нийтийн болон хувийн орон сууц, гудамжнуудыг байр эзлүүлэн 200-800 мянган төгрөгөөр шагнах бол уралдааны болзол хангасан “Шилдэг тохижилттой” айл өрх, иргэнийг 200-400 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах аж.
Түүнээс гадна Хотын соёлыг дээшлүүлэх, 60 жилийн ойн ажилд идэвх санаачилгатай ажилласан 30 хүртэлх албан хаагч, иргэдийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм байна.
Сонирхуулахад, Сумын Засаг даргын захирамжаар “Цэвэр орчин–Цэмцгэр Баянхонгор” болзолт уралдааныг дүгнэх ажлын хэсэг гарч, уралдааны болзлыг богино хугацаанд хэрэгжүүлж үр дүнд хүрсэн, ногоон байгууламж бий болгосон, хоггүй цэвэр орчинг бүрдүүлэн тохижилт хийж хотын соёлд нийцүүлэн ажиллаж хамгийн өндөр оноо авснаар нь байр эзлүүлэх аж.
 
                                                                                                                           Б.Мөнхзул
Холбоотой мэдээ