Тархины цус харвалтад эмэгтэйчүүд илүү өртдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 10:51:45

Энэ оны эхний долоон сард Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 50 нас баралт бүртгэгдсэнээс 20 хувь нь буюу 10 нь тархины цус харвалт оноштой байжээ. Өөрөөр хэлбэл, тус аймагт тархины цус харвалтаас үүдэлтэй нас баралт нэмэгдэж байна гэсэн үг юм.

Иймд БОЭТ, Эрүүл мэндийн газар хамтран иргэдийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллээр хангаж  ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийхийг уриаллаа.

БОЭТ-ийн Мэдрэлийн тасагт энэ оны эхний есөн сард 719 хүн хэвтэн эмчлүүлсэнээс 42 нь тархины судас хагарч харвалт өгсөн, 77 нь тархины судас нарийссан гэсэн оноштой байжээ. Тархинд цус харвах нь олон сөрөг үр дагавартай байдаг. Ялангуяа хөдөлмөрийн чадвараа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болдог бөгөөд энэ нь нийгэмд ядуурлыг нэмэгдүүлэх, халамж үйлчилгээ хүртэгсдийн тоог олшруулдаг байна. Мөн 45-60 насныханд ихэд тохиолддог ажээ. Түүнчлэн эмэгтэйчүүд уг өвчинд нэрвэгдэх нь  их байдаг тул цусны даралт ихсэх, багадах өвчнөөр оношлогдсон л бол заавал эмчилгээ хийх шаардлагатай ажээ. Тархинд цус харвахад чихрийн шижин, таргалалт, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх нь нөлөөлдөг байна. Дашрамд дурдахад, тархины цус харвалтад өртсөн 10 хүн тумын 6 нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэдэнд сэтгэл гутрал илүү зонхилдог гэдгийг БОЭТ-ийн Мэдрэлийн тасгийн эмч С.Энхмаа хэллээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ