Ахмадын төрөлжсөн анхны эмнэлэг ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2017-06-22 14:56:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүрэг өдөрт 100-150 гаруй ахмад настанд үйлчлэх боломжтой төрөлжсөн эмнэлэгтэй боллоо.
Тус эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, УИХ-ийн гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон Нийслэлийн эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн ИТХ-ийн төлөөлөгчид оролцлоо.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 6 дугаар төвийн суурин дээр боссон энэхүү эмнэлэг нь нийт 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж, 80 гаруй хувийг Баянгол дүүрэг өөрийн нөөцөөс гаргажээ. Тус эмнэлэг нь мэргэшсэн долоон их эмч, 12 сувилагч, долоон туслах ажилтантай, хоногт 100-150 гаруй ахмадад үйлчлэх хүчин чадалтай бөгөөд хэвтэн эмчлүүлэх 60-80 ортой юм байна.
Тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал “Бидний хийсэн судалгаанаас үзэхэд дүүргийн нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгсдийн 51 орчим хувь нь ахмад настнууд байдаг. Мөн дээрээс нь ахмадуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг судлаад үзэхэд сэргээн засах, уламжлалт, сэтгэц заслын үйлчилгээг түлхүү авдаг. Энэ бүх боломж, тусламж, үйлчилгээг бид бүрдүүлснээрээ онцлог давуу талтай юм” хэмээв.


Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Манай дүүрэг өөрсдийн гэсэн ахмадын цогц эмнэлэгтэй болж байгаа нь ахмадуудын хувьд  чухал үйл явдал болж байна. Бид энэхүү эмнэлэгтээ ахмадуудаа хүлээн авч нөхөн сэргээх үйлчилгээг олон улсын стандартын дагуу хийж үйлчилнэ. “Эрүүл дүүрэг болно” гэсэн хөтөлбөрийнхөө хүрээнд хүүхдийн Нэгдүгээр эмнэлэг мөн эрүүл мэндийн шинэ Долдугаар төв ашиглалтанд орлоо. Долдугаар төв нь Нийслэлд баригдсан анхны эмнэлэг болсон. Мөн Баянгол дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд том, жижиг 13 эмнэлэг баригдсан. Мөн есдүгээр сард 60 ортой хүүхдийн Хоёрдугаар эмнэлэг ашиглалтад орно. Ингэснээр хүн амын тоог эмнэлгийн орны тоотой харьцуулбал олон улсын стандартыг хангасан Монгол Улсын анхны жишиг дүүрэг болно ” гэлээ.
М.Жавзмаа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ