Сонгуулийн Ерөнхий хорооны уриалгыг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-25 19:40:27
Баянхонгор /МОНЦАМЭ/. Сонгуулийн үйл ажиллагааг саадгүй, ямар нэгэн доголдолгүй явуулах үүднээс бүх хэсгийн хороодод цахилгааны болон галын аюул, саатал учруулахгүй байхад онцгой анхаарч ажиллахыг аймгийн Сонгуулийн хорооноос бүх хэсгийн хороодод үүрэг болголоо. Энэ удаагийн сонгуулийг үнэн зөв, шударга, элдэв маргаан зөрчилгүй явуулах үүднээс Сонгуулийн Ерөнхий хороо уриалга гаргасныг Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга Ц.Дашцэрэн танилцуулав.
Тус уриалгад “Иргэдийн хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргах боломжоор хангах ажлыг бүх шатны сонгуулийн байгууллагууд зохион байгуулж байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2017 оны 14 дүгээр тогтоолын дагуу сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашиглах бөгөөд санал хураалтын дүн мэдээг орон даяар шууд дамжуулж үзүүлнэ. Санал хураалт дууссаны дараа хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогч, ажиглагчдын төлөөллийг байлцуулан сум, дүүргийн сонгуулийн хорооноос сонгуулийн нийт хэсгийн 50 хувийг хуульд заасны дагуу санамсаргүй сонголтын аргаар сонгож саналын хуудсыг гараар тоолж шалгана. Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн дүнг албан ёсоор нийтэд мэдээлэх эрх зөвхөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд байдаг. Тиймээс СЕХ хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож сонгуулийн дүн мэдээг хууль зөрчиж зарлах, иргэдийг жагсаал цуглаан, үймээн самуунд уриалахгүй байхыг аливаа байгууллага, албан тушаалтан, иргэдэд анхааруулж байна. Мөн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ.
                                                                                                                                                                 Б.Мөнхзул
Холбоотой мэдээ