2015 оны төсвийн тодотголоор 300 сая төгрөг хасагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 14:04:32

УИХ-аар хэлэлцэж байгаа 2015 оны төсвийн тодотголоос харахад Өвөрхангай аймгийн төсвөөс 300 сая төгрөг хасагдахаар болоод байна.

Энэ нь аймгийн эдийн засгийн салбарт хэр хүндрэл учруулах талаар аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад аймаг орон нутгийн болоод төрийн албан хаагчийн ажил, амьдралд хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэнэ гэлээ. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 11 сарын 6-нд хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэх бөгөөд орон нутгийн төсвөөс дээрх мөнгийг хасах аж.

2016 оны орон нутаг дахь төсвийн төлөв байдал хүндэвтэр болох нь ажиглагдаж байна. Өвөрхангай аймгийн төсвийн жилийн орлого 23 орчим тэрбум төгрөг байдгаас 9 тэрбумыг өөрийн орлогоор, үлдсэн 14 тэрбумыг улсын төсвийн татаасаар бүрдүүлдэг. Гэвч ирэх онд улсаас орж ирэх төсөв 2,5 тэрбумаар хасагдаж байгаа бөгөөд зарлага, орлогоосоо давах хэмжээнд хүрэх юм.

Энэ байдлыг давж гарахын тулд урсгал зарлагаа хасах ч үйл ажиллагаа явуулах хэмжээнд барихгүй бол болохгүй гэдгийг аймгийн Засаг дарга хэллээ. Мөн 2015 онд аймгийн боловсролын төсөв 970 сая төгрөгөөр дутуу батлагдсан нь багш нарын цалингийн асуудалд хүндрэл учруулж байна. Энэ мөнгө төсвийн тодотголоор шийдэгдэхгүй бол нөхцөл байдал улам хүндрэнэ гэлээ.

Энэ оны байдлаар орон нутгийн төсвийн орлого самар, ан амьтны чиглэлээр нэмэгдсэн ч барилгажилт зогссонтой холбоотойгоор элс, хайрганы орлого багассан байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ