“Даллас” клуб Д.Новицкитэй байгуулсан гэрээгээ сунгалаа

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2017-07-07 15:00:11
МОСКВА./TASS/. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн лигийн /NBA/ “Даллас” баг Германы иргэн, өдгөө 39 настай тамирчин Дирк Новицкитэй байгуулсан гэрээгээ дахин хоёр улирлаар сунгалаа.

Ингэснээр Д.Новицки нэг клубт 20-оос дээш жил тоглосон түүхэн дэх хоёрдахь тоглогч болж байгаа юм. Өмнө нь “Лос-Анжелес Лейкерс” багийн Коби Брайант нэг клубт хамгийн удаан тоглосон тоглогч гэгдэж байв.

Дээрх гэрээнд заасны дагуу Д.Новицки 10 сая долларын цалин авах аж. Тэрбээр мэргэжлийн сагсан бөмбөгчин болсноосоо хойш зөвхөн “Даллас” клубт тоглож байгаа юм. Түүнийг 1998 оны драфтаар “Милоуки” баг бүрэлдэхүүндээ авсан боловч тэр даруй “Даллас”-т солилцоогоор өгчээ. Новицки тус багийн бүрэлдэхүүнд 2011 онд Үндэсний сагсан бөмбөгийн лигийн аварга болж байв.

Тэрбээр Бүх оддын тоглолтод 13 удаа оролцсон ба өнгөрсөн улиралд 30 мянгаас дээш оноо авсан NBA-гийн түүхэн дэх 6 дахь тоглогч болсон юм.  

Харин Герман улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглохдоо Д.Новицки 2002 оны ДАШТ, 2005 оны ЕАШТ-ий хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байжээ.   

Б.Адъяахүү
 
Холбоотой мэдээ