НҮБ-аас цөмийн хоригийн тухай гэрээг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-07-09 10:01:23
НЬЮ-ЙОРК. /Reuters/. Цөмийн зэвсгийг хуулиар хорих олон улсын гэрээг НҮБ-аас баталлаа.

Хуулийн дагуу заавал биелүүлэх гэрээн дэх хэлэлцээрт 120 гаруй орнууд оролцсон бөгөөд өнгөрсөн 3 дугаар сараас хойш Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байранд явагдаж байсан юм.

Баасан гарагт, 122 улс орон, нутаг дэвсгэрээс дэмжсэн саналаа өгсөн бол зөвхөн Нидерланд улсаас эсэргүүцсэн санал өгчээ. Энэ нь НАТО-ийн гишүүн орнуудаас оролцсон цорын ганц улс байсан аж.

Уг хэлэлцээрийг удирдан явуулж байгаа Коста-Рика улсын Элчин сайд Элайнэ Вайт Гомез санал хураалтын өмнө хэлсэн үгэндээ,  цөмийн зэвсгийг боловсруулах, эзэмших болон ашиглахыг хориглосон уг гэрээний ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.

Уг гэрээг баталсан явдал нь Хирошима дахь атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсээс эхлээд олон оролцогчдын талархлыг хүлээгээд байгаа юм.

Гэрээнд гарын үсэг зурах ажил 9 дүгээр сард эхлэх бөгөөд 50 улс гарын үсэг зурсан цагаас 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болох юм. Гэрээнд 100 гаруй улс гарын үсэг зурах төлөвтэй байна.

АНУ, Орос болон бусад цөмийн эрх мэдэлтнүүд,  Япон болон НАТО-ийн ихэнхи улсууд мөн түүнчлэн цөмийн дээврээс хамааралтай байгаа орнууд уг хэлэлцээрт оролцоогүй юм. Тэд уг гэрээ нь практик шийдэлд хүргэхгүй гэж үзэж байгаа юм. 
Х.Сарнай 
Холбоотой мэдээ