Мэс заслын тасгийн 60 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-07-09 11:57:59
Увс /МОНЦАМЭ/ Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хамт олон түүхт 60 жилийн ойгоо угтаж олон ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн дунд онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. 1957 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хүний гавьяат эмч Халтарын Дэлэгийн санаачлага дор Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг 2 сувилагч, 2 ортойгоор байгуулагдаж байжээ. Өдгөө тус тасаг өргөжин тэлж 4 их эмч, 12 сувилагч, 4 асрагчтайгаар хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Онол практикийн бага хурлаар Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдийн 28 илтгэл хэлэлцүүлжээ. Оролцогчдын хувьд хүн амын дунд түгээмэл байгаа өвчлөлүүдийн өнөөгийн байдал, уг өвчнийг буруулах арга зам, шалтгаан, эмчилгээ, оношлогооны талаар илтгэлдээ тусгасан байна.
“Мэс заслийн тасгийн хамт олон сүүлийн жилүүдэд үйл ажиллагаандаа шинэчлэл хийж, хэрэгцээт багаж хэрэгслээр тоноглогдож, эмч, сувилагчдаа чадвахжуулснаас гадна зарим нэр төрлийн хагалгааг орон нутагтаа хийдэг болсон нь иргэдийн зардал мөнгө, эрүүл мэндийг дэмжсэн томоохон ажил болсон. Тухайлбал, 2014 онд хэвлийн хөндийн дурангийн иж бүрдэл багажтай болсноор хэвлийн хөндийн 200 төрлийн оношлогоо эмчилгээ, хагалгааг амжилттай хийсэн бол 2016 онд бөөр шээсний замын давсагны дурантай болсноор аймагтаа оношлогддоггүй байсан дасвагны өвчлөлүүдийг эмчлэх боломж бүрдсэн зэрэг амжилтаар 60 жилийн ойгоо угтаж байна” хэмээн тус тасгийн зөвлөх эмч Л.Ганхуяг мэдээллээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ