Завханы 10 хүүхэд ОХУ-ын тэтгэлгээр Тува улсын их сургуульд суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-07-09 16:26:47
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгаас ОХУ-ын Тувагийн их сургуульд тус улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр 10 оюутан суралцуулахаар боллоо
Тувагийн их сургуульд  Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотоос суралцаж байгаа бөгөөд Завхан аймгаас 100 хувийн тэтгэлгээр анх удаа оюутан суралцах гэж буй ажээ. Завханы сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 хүүхдэд аймгийн БСУГ-ыг дарга С.Ганчимэг, Тувагийн их сургуулийн элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга Салбак Монгуш нар батламжийг нь гардуулан өглөө. Эдгээр хүүхдүүд хэлний факультет, физик-математикийн факультет, эдийн засгийн факультет, инженер техникийн факультетат тус тус суралцах юм. Оюутнууд ирэх наймдугаар сард хилийн дээс алхах бөгөөд нэг сарын хугацаанд аймгийн Зав-русь орос хэлний төвд эрчимжүүлсэн хэлний бэлтгэлд хамрагдах юм байна. Дашрамд Завхан аймаг гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж ОХУ-ын Тува улс, БНХАУ-ын Шэньси муж, Тайваний Тайпэй хоттой оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Үүний нэг нь Хятадын Шэньси мужид ирэх намар докторт нэг, магистрт нэг оюутан сургахаар болжээ. Мөн Тайваний Тайпэй хотын Азийн Олон улсын сургуульд оюутан болон төрийн албан хаагчдыг сургахаар төлөвлөж байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ