Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлөөс гарна гэж Катар улс мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-07-11 09:40:05

КАИР./TASS/. Катар улсын Гадаад хэргийн сайд Мухаммед бен Абдель Рахман аль Тани мэдэгдэхдээ “хэрвээ Арабын дөрвөн улс манай улсад тавьсан тулган шаардлагаасаа татгалзахгүй бол Катар улс Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн /Gulf Cooperation Council (GCC)/ бүрэлдэхүүнээс гарна” гэлээ. Энэ тухай Al-Watan” сонинд мэдээлсэн байна.

Сайд аль Тани GCC-д илгээсэн захидалдаа Катарын тавьж буй болзлуудыг дурдаад “эдгээр болзлуудыг биелүүлэхгүй бол гурван хоногийн дараа манай улс тус зөвлөлөөс гарах тухай албан ёсны хүсэлтээ хүргүүлэх ба Зөвлөлийн хүрээнд байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг мөрдөн хэрэгжүүлэхээ зогсооно” гэж анхааруулжээ. Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлд Бахрейн, Катар, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт улс /АНЭУ/, Оман болон Саудын Арави улс багтдаг юм.

Сануулан дурдахад, 6 дугаар сарын 5-ны өдөр Саудын Арави, АНЭУ, Бахрейн, Египет гэсэн дөрвөн улс Катар улсаас дипломат харилцаагаа тасалж, тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга авсан билээ. Энэ нь Катар улс терроризмыг дэмжиж байгаатай холбоотой аж. Үүний дараа дээрх дөрвөн улс 13 зүйл бүхий тулган шаардлагыг Кувейтээр зуучлуулан Катарын талд өгөв. Катар улс тулган шаардлагыг хүлээж аваагүй учраас тус улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлаар дээрх дөрвөн улсын төлөөлөгчид Бахрейны нийслэл Манама хотод ойрын үед уулзаж ярилцах төлөвтэй байна.

Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ