Архангайн наадамд аймгийн заан Л.Жамбал түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-11 20:05:03
Архангай /МОНЦАМЭ/. Монголын тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96, Архангай аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр нааадам энэ сарын 10, 11-ний өдрүүдэд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Аймгийн наадамд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд гээд нийт 256 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Л.Жамбал түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.
Энэ жилийн наадмаар 4 аймгийн начин, 2 аймгийн харцага төрлөө.
Нар хур тэгширсэн наадмын хоёр өдөр зургаан насны 600 гаруй хурдан хүлэг тоосоо өргөж,эзэн уяач, унасан хүүхдээ баярлуулжээ. Урд жилүүдэд наадмын хурдан морины уралдааныг аймгийн төвөөс 50 орчим км-ийн зайд буюу Батцэнгэл сумын Өргөөтийн талд уралдуулдаг байсныг болиулж аймгийн төвийн урдхан талд зохион байгуулснаараа онцлог болсон юм. Энэ жилийн хурдан морины уралдааны замд унаач хүүхэд унаагүй байна. Энэ нь морьдын уралдааны замыг зассантай холбоотой хэмээн морины комиссынхон үзэж байна. Ийнхүү баяр наадам өндөрлөж хурдан морьдын айргийн тавд хурдалсан хурдан хүлгүүд, хүчит бөхчүүд, сурын харваа, шагайн харвааны төрлүүдэд байр эзэлсэн хүмүүст УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ- дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар шагналуудыг гардуулж өгсөн юм. Энэ сарын 28, 29, 30-нд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх наадам болох юм байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ