Д.Трампын хүүгийн цахим захидалтай холбоотойгоор Сенатын гишүүд байр сууриа илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-07-12 11:35:34

ВАШИНГТОН./VOA/. Х.Клинтоны нэр хүндийг гутаасан мэдээллийг Оросын эх сурвалжуудаас авахад бэлэн гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү бага Дональд цахим захидалдаа илэрхийлж байсан нь Америкийн хууль тогтоогчдыг цочирдуулжээ.  

“Оросын тал тодорхой зорилготой үйл ажиллагаа явуулж байсныг олон нийт анх удаагаа мэдэж авлаа” гэж Сенат дахь тагнуулын асуудал эрхэлсэн хорооны гишүүн, Ардчилсан намаас сонгогдсон Марк Уорнер мэдэгдсэн байна. “Оросын прокурор болон тус улсын засгийн газрын зарим төлөөлөгчдийн зүгээс Клинтоны нэр хүндийг унагах, Трампт дэмжлэг үзүүлэхээр хүчин чармайлт гаргаж байсныг гэрчлэх цагаан дээр хараар бичсэн нотолгоог бид олж харлаа” гэж тэрбээр хэлжээ.

Сенатад Бүгд Найрамдах намаас /БНН/ сонгогдсон гишүүн Сьюзен Коллинз хэлэхдээ “цахим захидлуудыг маш нарийн шалгах хэрэгтэй. Сенатын тагнуулын хорооны хувьд Трампын хүү болон уулзалтад оролцсон, түүнийг зохион байгуулсан хэн бүхнийг шалгах хэрэгтэй” гэсэн байна.

Сенатад Ардчилсан намаас сонгогдсон гишүүн Крис Мерфи ярихдаа “удаан хугацааны турш бид зөвхөн утааг нь олж харж байсан бол одоо галыг нь олж харлаа. Энэ бүхэн нь Оросын засгийн газартай хуйвалдаж байсан мэт харагдаж байна” гэлээ.

“Хэдийгээр эдгээр цахим захидал нь ноцтой агуулгатай байсан ч гэлээ ямар нэгэн мэдээллийг Оросын тал Трампын сонгуулийн штабт өгсөн гэж дүгнэж болохгүй” хэмээн Сенатын гишүүн Линдси Грэм /БНН/ байр сууриа илэрхийлжээ.

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ