Төрөх эмнэлгийн барилгыг 2018 онд дуусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-15 18:01:24
Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотод зургаан жилийн өмнөөс барьж эхэлсэн 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг 2018 онд ашиглалтад оруулахаар албаныхан төлөвлөжээ.
Анх 2011 онд “Мон Инж Бар” компани тендерт ялж, нэг тэрбум 200 сая төгрөгийн өртгөөр  барилгын ажлыг эхэлсэн ч дуусгалгүй өдийг хүрсэн байдаг. Барилгыг барихдаа цутгалтыг буруу хийсэн, стандарт шаардлагыг хангаагүй зэрэг үндэслэлээр мэргэжлийн Хяналтын байгууллагын шийдвэрээр буулгуулж дахин бариулж байжээ.
Аймгийн ЗДТГ-аас төрөх эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэх зорилгоор тендерийн ажлыг орон нутагт шилжүүлэн авсан байна. Ингэснээр  барилгын ажлыг түргэвчлэх, хяналт  тавих, тогтоосон хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллах боломж бүрдэж буй. Төрөх эмнэлгийн барилгын ажилд  2017 оны улсын төсөвт 810 сая төгрөг суулгасан бөгөөд одоогоор барилгын гурван давхрын суурийг цутгасан байдалтай байна.
Х.Эрдэнэбулган 
Холбоотой мэдээ