Баяр наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-16 14:28:48
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны 75 жил, баруун-Урт сум байгуулагдсаны 60 жил, Зүүн бүсийн хурд-2017 наадам энэ сарын 28, 29-нд болно. Баяр наадмын бэлтгэл ажил ид хийгдэж байна. Өнөөдөр аймгийн баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Т.Амарбаатар салбар хороодын дарга нартай шуурхай хуралдаж, баяр наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Аймгийн баяр наадам болоход 10 гаруйхан хоног үлдээд байна. Улсын их баяр наадмын урт амралтууд дуусч ажлын өдрүүд эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс баяр наадмын комисс, салбар хороод бэлтгэл ажилдаа идэвхийлэн ороод байна. комиссын дарга Т.Амарбаатар салбар хороодын дарга нартай хийсэн хурлын үеэр хэд хэдэн чиглэлд үүрэг өглөө. Наадмын талбайг зүлэгжүүлэх ажлыг хамгаалах зорилгоор сахиултай болгох, ӨМӨЗО-ны Улиастай хотод хийгдэж бэлэн болоод буй асар майхан, үзэгчдийн суудал зэргийг ачиж ирэх, урилга хөтөлбөрийг хэвлэлтэд өгч, иргэдэд тараах, соёл урлагийн болон нээлтийн ажиллагааны бэлтгэл, мэдээлэл сурталчилгааг сайжруулах гээд салбар хороод өөр өөрсдийн хариуцсан ажлаа эрчимжүүлэхийг үүрэгдлээ.  
Баяр наадмыг зохион байгуулахаар ёслол хүндэтгэл мэдээлэл сурталчилгаа, төсөв санхүү, хэв журам, үйлчилгээ аж ахуй, соёл урлаг спорт хариусан, бөх, сур, морь, шагай гээд нийт есөн салбар хороо ажиллаж байна.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ