Булган аймагт буусан мөндрийн хохирлыг эцэслэн тогтоогүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-07-25 13:08:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутагт өчигдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд 2.5-4.0 см-ийн голчтой мөндөр оржээ.

Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байна. Мөн 20 айл өрхийн гэр нурж, 10 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын цонх хагарч, 64 байшингийн дээвэр мөндөрт цохигдон цөмөрч, салхинд хийсчээ. 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарч, автомашины төмөр хийц мөндөрт цохигдон хонхойж, цахилгаан дамжуулах 0.4 кВт-ын 10 шон унасны улмаас 610 орчим айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын 2100 гаруй хэрэглэгчийн цахилгаан тасарч, үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан 300 орчим га талбай мөндөрт цохигдсон гэсэн урьдчилсан мэдээлэл ирүүлээд байна.

 

Үүссэн нөхцөл байдалтай танилцах, сэргээн босгох ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн суманд ажиллаж байгаа аж. Дээрх гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа юм.

Холбоотой мэдээ