Улсын начин Б.Серикийн цолыг мялаах наадам ирэх сарын 12-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-27 15:38:38
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд 5 давж улсын начин цол хүртсэн тус аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Бердимуратын Серикийн цолыг мялаах наадам ирэх сарын 12-ны өдөр түүний төрсөн нутаг Улаанхус суманд зохион байгуулагдахаар болжээ.

Энэ талаар Улаанхус сумын Засаг дарга Онашыбайн Нурлан: "Төрөлх аймгийнхаа нэрийг өндөрт өргөн 35 жилийн дараа казах иргэдийн дундаас улсын начин цолтон төрж, нутгийн зон олныг баярлуулж байна. Бидний бахархал болсон бөхийнхөө цолыг мялаах наадмыг удахгүй зохион байгуулах гэж байна. Уг ажлыг ард иргэдийг тус, дэмжлэгээр зохион байгуулна. Наадмаар баруун таван сумын хурдан хүлгүүдийг оролцуулсан хурдан морины томоохон уралдаан зохион байгуулж, бөх барилдуулна" гэв.

Уг ажилд аймгийн удирдлагын зүгээс ч ач холбогдол өгч байгаа бөгөөд аймгийн Засаг даргын 7 дугаар сарын 18-ны өдрийн А/388 тоот захирамжаар байгуулагдсан аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавалаар ахлуулсан ажлын хэсэг холбогдох бэлтгэл ажлуудыг хангаж байгаа аж.
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ