Хэнтийчүүд “Сэтгэлийн эгшиг” хандивын аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-28 09:12:08
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын эмчилгээнд зориулж Хэнтий Аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачлан "Сэтгэлийн эгшиг” хандивын аян зарлаад байна.

Хандивын аянаар 2017 оны долдугаар сарын 19-21-ний хооронд 39 сая төгрөг цугласныг Нутгийн зөвлөлийн дэд дарга Г.Эрдэнэбат Бээжин хотын цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Б.Шарав гуайтай уулзан хүлээлгэн өгчээ. Б.Шарав гуай болон түүний гэр бүлийнхэн "Бидэнд тохиолдсон хүнд байдлыг даван туулахад сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бүх байгууллага, хувь хүмүүст гүн талархлаа илэрхийлье" хэмээн хэлүүлсэн байна. 
Тэрээр БНХАУ-ын Бээжин хотноо 2017 оны долдугаар сарын 10-ны өдөр ходоодны хавдарын 2 удаагийн хагалгаанд орж,  эрчимт эмчилгээ хийлгэж байна. Түүний хагалгаа, эмчилгээний зардалд одоогоор 60 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд цаашдын эрчимт эмчилгээний зардалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай юм байна. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа боловч химийн болон бусад эмчилгээг урт удаан хугацаанд хийх шаардлагатай байгаа юм.

Эрчимт эмчилгээний зардалд 60 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа аж.Харин долдугаар сарын 22-ноос хойш хандивын дансанд 8 сая төгрөг цуглаад байна.  "Сэтгэлийн эгшиг" хандивын аянд зориулж Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс Хаан банканд  5028551348 данс нээгээд байгаа бөгөөд 7014-7222, 93119669, 99094464 утсаар холбогдож болох юм.

Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав мэргэжлийн хөгжмийн бүх төрөл зүйлээр тухайлбал, дуурь, бүжгэн жүжиг, симфони, концерт, оратори зэрэг том хэлбэрийн бүтээлүүдээс эхлэн магтуу, удиртгал, жүжиг, кино, бүжгийн хөгжим, симфони уран сэтгэмж, романс, поп аязууд, дууны уран бүтээл гээд олон зуун бүтээлүүд туурвисан билээ. Түүний бүтээлүүд одоогоор дэлхийн 40 гаруй оронд олон удаа тоглогдсоор байгаа бөгөөд тухайлбал “Замбуутивийн наран” магтуу нь 1985 онд ЮНЕСКО-ийн хөгжмийн шилдэг бүтээлийн санд шалгарч, “Хүүхэн Хутагтын дуулал” бүтээл нь 2002 онд Япон, Солонгос Улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол, “Хэрлэнгийн домог” бүтээл нь 2005 онд Шведийн Стокгольм хотноо Нобелийн шагнал олгох ёслолын нээлтэнд тоглогдсон зэрэг бахархам жишээ олныг дурьдаж болно.
Д.Одонтунгалаг
 


 

Холбоотой мэдээ