Хүний геномыг засварлах хамгийн анхны туршилтыг АНУ-д хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-07-28 15:16:49
НЬЮ-ЙОРК./TASS/. Хүний үр хөврөлийн геномыг засварлах туршилтыг анх удаагаа АНУ-д хийжээ. Пүрэв гарагт Associated Press агентлагийн мэдээлснээр, хүүхдийн удамшлын өвчинг устгах аргуудыг судлах зорилгоор уг туршилтыг хийсэн байна.

Эрдэмтэд геномыг засварлахын тулд CRISPR гэдэг аргыг хэрэглэсэн байна. Энэ арга нь ДНХ-ийн зарим хэсгүүд болох макромолекулуудыг өөрчлөх, солих боломжийг олгодог. Эдгээр макромолекулууд нь амьд бие махбодийн хөгжлийн генийн программыг үеэс үед дамжуулж, хадгалж байдаг аж.

Туршилтыг бий болоод хэдхэн хонож буй хүний үр хөврөл дээр хийсэн ба туршилтын дараа үр хөврөлийн цаашдын хөгжил нь зогссон байна. Орегон муж улсын Анагаах ухааны эрдэм шинжилгээний их сургуульд явагдсан дээрх туршилтад оролцогчид анхнаасаа уг үр хөврөлийг цаашид томруулахын тулд шилжүүлэн суулгахаар төлөвлөөгүй ажээ. Судалгааны дүнг Америкийн эрдэм шинжилгээний нэгэн сэтгүүлд нийтэлсэн байна.

“AP” агентлагийн мэдээнд дурдсанаар, ижил төстэй туршилтыг өмнө нь Хятадад хийж байсан аж.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ