Төрийн цэргийн байгуулал зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, ОБ-ын байгууллагаас бүрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-05 15:01:48

УИХ-аар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр  нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Аливаа улс аюулгүй байдлаа хангах, эх орноо батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах арга хэмжээний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон бодлогын баримт бичиг баталж хэрэгжүүлдэг. Энэ жишгээр Монгол Улс 1998 оноос “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг батлан мөрдөж ирсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлт, Монгол Улсад хэрэгжиж буй эрх зүйн шинэтгэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэх шаардлагатай болсон юм. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн төслийг УИХ-аар хэлэлцээд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” болгон өөрчилж баталлаа хэмээн УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” нь нийт 4 бүлэг, 32 зүйлтэй энэхүү бодлогын баримт бичгийг баталснаар батлан хамгаалах салбарын эрх зүйн тулгуур үндэс шинэчлэгдэж, үүнийг дагалдан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах үндэс тавигдаж байгаа юм.

Тус бодлого нь улсын дотоод, гадаад аюулгүй байдлын орчин нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно. Тухайлбал, өмнөх баримт бичигт зэвсэгт түрэмгийлээс сэрэмжлэх, түүнийг няцаахад улс орон, зэвсэгт хүчнийг бэлтгэх, ашиглахад чиглэсэн арга хэмжээнүүдийг гол болгож тусгасан. Харин шинэчлэгдсэн баримт бичигт батлан хамгаалах тогтолцооны үндсийг нэг мөр тодорхойлж, орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлж, бүх нийтийн оролцоонд тулгуурласан өөрийгөө батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого баримтлах, батлан хамгаалах асуудал нь улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээнээс бүрдэхээр тусгасан" гэв.

Бодлогын шинэ баримт бичгийн нэг онцлог нь батлан хамгаалах бодлогын эдийн засаг, нийгмийн чиглэлийг илүү өргөн хүрээнд, тодорхой болгож томьёолсон явдал юм. Эдийн засгийн чиглэлийн хүрээнд батлан хамгаалах хэрэгцээг хангах эдийн засгийн чадавхыг бүрдүүлэх, батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлахаар тусгасан хэмээн Ц.Цолмон сайд хэллээ.

Мөн БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, "Төрийн цэргийн байгуулал нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэж, тус тусын хуулиар бие даасан үйл ажиллагаа явуулах юм. Харин дайны байдлын үед хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэхээр заасан. Мөн зэвсэгт хүчин нь бүтцийн хувьд Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэхээр тодорхойлсон" гэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ