Дөрөвдүгээр сургуулийн 70 жилийн ой болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-18 15:29:06
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Улаангом сумын Ахлах Дөрөвдүгээр сургуулийн 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус сургууль нь 1947 оны 6-р сард бага сургууль нэрээр байгуулагдаж, захирлаар Б.Жамцай, багшаар С.Думбарай, няраваар Д.Элдэв нар томилогдож, 60 сурагч, хоёр багш, хоёр ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Тус сургуульд Улаангом сумын 3, 4, 5, 10-р баг буюу хуучнаар Зүүн хот, Хархираа, Улаан толгой, Хөндлөн багийн хүүхдүүд сурч байжээ. 1960 оноос Чандмань сумын 7 жилийн сургууль болон өргөжиж, эхний жилүүдэд Давст, Сагил, Түргэн, Тариалан, Бөхмөрөн сумын бага сургууль төгссөн олон зуун сурагчид ирж суралцан бүрэн дунд боловсрол эзэмшиж байсан аж. 1964 оны 9-р сард тус сургууль нь 480 хүүхдийн суудалтай 2 давхар барилгад шилжин ирж суурьшсан бөгөөд мөн оноос 8 жилийн сургууль болон өргөжсөн байна. Улмаар 1990-1991 оны хичээлийн жилээс эхлэн 10 жилийн 4-р сургууль болон өргөжжээ.

Ахлах Дөрөвдүгээр сургууль нь одоогоор 870 сурагч, 55 багш, 16 ажилчин, 4 удирдлагатайгаар ажиллаж байна. Тус сургууль нь үүсэн байгуулагдсанаасаа хойш Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Г.Тэгшжав, Монгол Улсын Гавьяат багш А.Сайнбуян, Ц.Батнасан, А.Биньеэ, Ж.Найдан нарын олон арван төрийн одон медальтнууд, эрдэмтэн доктор, гавьяат тамирчид төрүүлэн гаргасан Улаангом сумын ууган сургууль юм.
Б.Замбал
Холбоотой мэдээ