Пхеньян нүүрсний экспортын алдагдлаа бэлэн хувцсаар нөхөхийг оролдож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Хоёрдугаар улиралд Умард Солонгос нийт 385.2 сая долларын бүтээгдэхүүнийг Хятадад экспортолсны 38 хувь буюу 147.5 сая доллар нь оёмол бүтээгдэхүүний экспортоос орж ирсэн болохыг Хятадын гаалийн тоо баримт харуулж байна.
Энэ оны нэгдүгээр улиралд нь экспортын 43 хувийг (220.6 сая доллар) нүүрс эзэлж байсан бол хоёрдугаар улиралд нүүрсний экспортын орлого бараг тэг хувьтай гарчээ. Харин бэлэн хувцасны орлого нийт экспортын дийлэнх хувийг эзлэх болжээ.
Нэгдүгээр улиралд Умард Солонгос 120 сая долларын хувцас экспортолсон нь Хятадын энэ салбарын нийт экспортын 24 хувийг бүрдүүлж байжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, НҮБ-ын тавьсан шинэ хориг хоёр орны хоорондох оёмол бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх шинжтэй байна.
Улирлаас хамааралгүй байнгын эрэлттэй байдаг тус салбарт Умард Солонгос хямд ажиллах хүчээр Хятадын компаниудын сонирхлыг татаж байгаа юм.
Хятад-Умард Солонгосын хамтарсан үйлдвэр, эсвэл Хятадтай гэрээ байгуулсан Умард Солонгосын үйлдвэрүүд төрөл бүрийн бэлэн хувцсыг үйлдвэрлэж, Хятадын зах зээлд нийлүүлэх нь нэмэгдсэн байна.
Ийнхүү НҮБ-ын эдийн засгийн хориг Пхеньяны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгаагийн нэгэн тод жишээ нь энэ болж байгаа юм.