Ц.Дониддорж: Энэ онд Өвөрхангай аймгийн Нисэх онгоцны буудлуудад 50 орчим онгоц хүлээн авсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-22 14:34:46
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт Нисэх онгоцны буудал үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил болон байгууллагын үйл ажиллагааны талаар тус байгууллагын дарга Ц.Дониддоржоос тодрууллаа.

-Нисэх онгоцны буудал гэж нам, гүмхэн газар байх юм. Ажил, албаныхаа сонин сайхнаас хуваалцахгүй юу?
- Хүмүүс Нисэх онгоцны буудлын хамт олныг хийх ажилгүй, нэг л их завтай улс гэж ойлгодог. Би энэ албыг аваад удаагүй байна. Өмнө нь бас тийм л ойлголттой байдаг  байсан. Гэтэл тийм биш юм. ИНЕГ-ын харьяа Нисэх онгоцны гурван буудал Өвөрхангай аймагт ажиллаж байна. Богд суманд Далангийн Нисэх онгоцны буудал гэж олон улсын дамжин өнгөрүүлэх станц бий. Агаараар олон улсын онгоц орж ирэхэд дамжуулах станцаар мэдээлэл өгч чиглүүлэх үүрэгтэй ажилладаг.
Мөн Хархорин суманд  Нисэх онгоцны буудал бий. Бага оврын онгоц буулгах зөвшөөрөл аваад 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж байна. Арвайхээр сум дахь Нисэх онгоцны буудал нь олон улсын болон баруун аймгуудын онгоцыг дамжин өнгөрүүлэх, захиалгаар онгоц буулгах, хөөргөх, Улаанбаатар хотод цаг агаарын байдал муудахад онгоц түр хүлээн авах зэргээр ажилладаг. Хужирт суманд Нисэх онгоцны аэродром байгаа ч ашиглагддаггүй, энэ жилээс ЗТХЯИНЕГ-аас хүчин чармайлт гарган хөөцөлдөж, завсар шинэчлэн хийн ашиглалтад оруулах талаар хэлэлцэж байгаа.
Эдгээр обьектуудад 30 хүн ажиллаж, Нисэх буудлын үйл ажиллагааг аюулгүй, шуурхай зохион байгуулахад 24 цагийн турш бэлэн байдалд хариуцлагатай үүрэг хүлээж байна.

-Энэ он гарсаар хэчнээн онгоц манай аймгийн Нисэх онгоцны буудлуудаар үйлчлүүлэв. Саад бэрхшээлтэй зүйл гарч байна уу?
-Аялал жуулчлалын, тусгай үүргийн, захиалгат буюу түргэн тусламжийн онгоц Арвайхээрийн Нисэх онгоцны буудалд 30 орчим, Хархорины Нисэх онгоцны буудалд 20 орчим удаа бууж хөөрөөд байна. Уржигдар гэхэд Автореаллид явж байгаа улсуудад үйлчилж, Ми-171 буюу хуучнаар вертолёт онгоц буусан. Нисэх онгоц буулгах, хөөргөх үйл ажиллагаанд саад бэрхшээл гарч байсан түүхгүй. Энэ нь хүний ажлын хариуцлагатай холбоотой. Манай байгууллагын алба хаагчид үндсэн ажилдаа нарийн мэргэшсэн, туршлага, чадвартай хүмүүс. Хэн нэгэн нь ирээд бүтэц, орон тоог өөрчлөх боломжгүй, тийм л “чухал” хүмүүс ажилладаг юм. Өндөр хариуцлагатай ажил учраас жил бүр сургалт, сурталчилгаанд явж, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлдэг.

Аймгийн төв рүү нисэх онгоцны зорчих үйлчилгээг яагаад нэвтрүүлдэггүй юм бэ?
-Манай аймаг Монгол орны төв хэсэгт, Улаанбаатар хотод ойр байршилтай, дэд бүтэц хөгжсөн, хот руу өдөрт хэдэн арваараа унаа тэрэг явж байгаа болохоор нисэх онгоцны шаардлага тэр бүр байдаггүй. Хямд үнээр үйлчлэхээр авиа компаниудад алдагдалтай, үнэтэй үйлчилгээг иргэд хүлээж авахгүй учраас зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаггүй юм.

-Арвайхээр хотын хүрээлэл тэлж, Нисэх онгоцны буудал төвдөө бараг орох нь. Нэг хэсэг нүүлгэх асуудал багагүй яригдсан. Одоо юу болж байна вэ?
-Нисэх онгоцны буудлыг нүүлгэхэд маш их хөрөнгө мөнгө гарна. Дахиад ийм хэмжээний буудал барина гэдэг хэцүү. Харин ЗТХЯИНЕГ-аас аюулгүйн бүс тогтоох талаар шийдвэрүүдийг гаргаж, цэгийг тогтоосон. Дэлхийн ихэнх орнуудад нисэх буудал нь төвдөө орчихсон, аюулгүй байдлаа хангаж, ойр орчмын өндрийн хязгаарыг тогтоочихвол төвд байх боломжтой гэх дүгнэлтэд хүрсэн юм билээ.

-Танай байгууллагын 60 жилийн ой тохиож байгаа юм байна. Анх хэрхэн үүсч байв. Ойн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
-1957 онд анх байгуулагдаж байсан юм. Энэ газрыг хоосон тал байхад нь ОХУ-ын АН-24 онгоц энэ газар дээр бууж, түүнээс үүдэлтэйгээр Нисэх онгоцны буудал үүсэн байгуулагдсан гэж үздэг. 60 жилийн ойгоо 10 сард тэмдэглэх төлөвлөгөөтэй байгаа. Жил ирэх бүр техник, технологийн асуудал шинэчлэгдэж, өнөөдрийн үеийг тэртээ 1957 онтой харьцуулах аргагүй болсон. Хуучин ажиллаж байсан удирдлага, албан хаагчид ирэхээрээ байгууллагын өнгө үзэмж, зохион байгуулалт, техник тоног төхөөрөмжийн байдлыг түлхүү анхаарч сонирхдог учраас тэр талаа барьж ажиллах төлөвлөгөөтэй байна.
Ярилцсан Б.Батчимэг

Холбоотой мэдээ