“БРИКС”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путин Ши Жинпиньтэй уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-28 16:39:49
БЭЭЖИН./TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадад болох “БРИКС”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй тусдаа уулзалт хийхээр бэлтгэж байгаа ажээ. Энэ тухай ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов өнөөдөр мэдэгдлээ.

“Ерөнхийлөгч В.Путин, Ши Жинпинь дарга хоёр 19 удаа уулзсан. Энэ онд гэхэд л гурван удаа уулзсан бөгөөд энэ удаагийн Сямэнийн уулзалт дөрөв дэх нь болох юм. Манай хоёр улсын төрийн тэргүүн нар олон улсын янз бүрийн чуулга уулзалтын хүрээнд тогтмол уулздаг нь уламжлал болсон зүйл. Энэ удаагийн уулзалтад Ерөнхийлөгч В.Путин ихээхэн хүлээлттэйгээр бэлтгэж байгаа” хэмээн Элчин сайд ярьжээ.

“Олон улсын арга хэмжээний хүрээнд хийх уулзалтууд дээр хэзээ ч протокол хөтөлдөггүй, энэ нь хэлэлцэх асуудал өргөнтэй бүрэн хэмжээний уулзалт юм. Сямэньд ч гэсэн мөн ийм байх болно. Янз бүрийн бүрэлдэхүүнтэйгээр уулзалт хийх, хоёр талын болон олон улсын амьдралыг хөндсөн өргөн хүрээний асуудлаар хэлэлцүүлэг явуулах ажил хэрэгч хөтөлбөрийг бэлтгэж байгаа” гэж тэрбээр нэмэн хэлжээ.

“БРИКС”-ийн дээд хэмжээний уулзалт 9 дүгээр сарын 3-5-нд Хятадын Сямэнь хотод болно.
О.Барс 
Холбоотой мэдээ