Москвагийн бирж цахим мөнгөний арилжаа хийх дэд бүтэцтэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-08-29 10:02:34
МОСКВА./TASS/. Москвагийн бирж цахим мөнгөний /криптовалют/ арилжаа хийх тусгай дэд бүтцийг бий болгох ажлыг эхлүүлсэн тухай тус биржийн хэвлэлийн алба мэдээлжээ.

“Бид ийм арилжааг хийх дэд бүтцийг бий болгох тухайлбал, криптовалютын пост трейдинг үйлчилгээний суурийг тавихаар ажиллаж байна” гэж хэвлэлийн алба дээр онцлон дурджээ.

Үүний зэрэгцээгээр тус бирж төрийн зохицуулах байгууллагуудтай цахим мөнгөний арилжаа зохион байгуулах хуулийн бүх асуудлуудыг нарийвчлан тодорхой болгох, ийм хөрөнгийг худалдан авагчдын эрх ашгийг хангах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа ажээ.

“Бид эрэлт хэрэгцээтэй, хуулийн хангалттай хамгаалалттай санхүүгийн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулахад бэлэн. Биржийн платформ дээр криптовалют болон түүний худалдан авсан санхүүгийн хэрэгслүүд, түүнчлэн криптовалютын биржийн фондуудын хувьцааг арилжах боломжтой юм. Хуулийн зохицуулалт болон техникийн талаасаа криптовалютын худалдан авсан санхүүгийн хэрэгслүүдийг арилжах нь илүү хялбар бөгөөд хурдан юм” хэмээн Москвагийн биржийнхэн ярьжээ.

Оросын төв банкны нэгдүгээр орлогч дарга Сергей Швецов 6 дугаар сард болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт дээр Оросын биржүүд криптовалютын арилжаа хийх боломжийг судалж байгаа гэж мэдэгдэж байсан билээ.
О.Барс 
Холбоотой мэдээ