Унгарын Ерөнхий сайд В.Орбан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэлэлцээ хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-08-30 08:20:26
БУДАПЕШТ. /BudapestBusinessJournal/. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мягмар гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, яриа хэлэлцээ хийлээ.

Тэд хоёр орны эдийн засаг ба соёлын хамтын ажилллагааны талаар яриа хэлэлцээ өрнүүлсэн байна. Унгарын Ерөнхий сайд В.Орбан Европын Холбооны одоо баримталж буй бодлогыг Ерөнхийлөгч Х.Баттулгад товч танилцуулжээ.

Мөн өдөр Унгарын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сийярто Монгол Улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг хүлээн авч уулзсан байна.

Талууд мэдээлэл технологи, усны менежмент, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар хоёр орны эдийн засгийн харилцааг сайжруулахаар тохиролцсон гэж Унгарын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар Будапешт хотноо энэ сарын 28-нд эхэлсэн жүдогийн ДАШТ-д оролцож буй баг тамирчдаа дэмжихээр Унгарт хүрэлцэн очоод байгаа юм. Есдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжлэх энэ тэмцээнд дэлхийн 134 улс орны 795 жүдоч, тэдний дотор Монголын 18 жүдоч оролцож байна.

Орос болон Хятад улсаас бусад улстай харилцаагаа бэхжүүлэх зорилго бүхий “гуравдагч хөрш”-ийн бодлогодоо тулгуурлан Европын Холбоотой стратегийн хамтын ажиллагаа тогтоохоор Монголын засгийн газрын гаргаж буй хүчин чармайлтыг Унгар улс тууштай дэмжсээр байна гэж Унгарын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сийярто хэлжээ.

Түүний хэлснээр, усны менежмент, малын эрүүл мэнд болон мэдээллийн технологи зэрэг салбарт хоёр улс хамтран ажилласнаар эдийн засгийн үр шим хүртэх боломжтой.

https://bbj.hu/news/orban-meets-with-mongolian-president_137947
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ