Баянхонгор аймгийн нийт нутгаар гантай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нийт газар нутгийн 90 гаруй хувь нь гантай байгаа бол өнөөдрийн байдлаар хадлан тэжээлийн бэлтгэл 25 хувьтай байна.
Энэ жил гангийн нөхцлөөс үүдэн бусад аймаг, сумдаас мал бүхий иргэд орж ирэх, зарим сумдын малчид өөр сум, аймгийн нутаг дэвсгэрт отор хийх нь ихэсчээ. Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа сум Бууцагаан бөгөөд тус сумын малчид 100-250 км-ийн алсад отор нүүдэлд гарчээ.
Мөн энэ жилийн тухайд Баянхонгор аймагт 187 тонн өвс, таван тонн тэжээлийн нөөц байна. Хавар орсон их хэмжээний цасны үед малчдад тэжээлийн нөөцөөс багагүйг тараажээ. Улсын нөөцийн 50 хувийг өнгөрсөн өвөл гаргасан учраас аймгууд улсаас өвс тэжээл хангалттай авна гэж харах боломжгүй болсныг албаныхан хэлсэн.
Сонирхуулахад, Аймгийн Засаг дарга ХХААХҮ-ийн сайдад тавьсан хүсэлтийн дагуу тус бүр нь 100 сая төгрөгийн үнэтэй өвс хадаж, хураах зориулалт бүхий механикжсан салаа хоёрыг авахаар болоод байна. Ингэснээр хангайн болон говийн чиглэлд хадлан бэлтгэх хоёр бригад гарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.Мөнхзул