Хүүгүй зээлд хамрагдсан ААН-үүд амжилттай ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-05 13:56:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпорациас 560 сая төгрөгийн зээлийг 14 ААН-д улирагч долдугаар сард олгосон. Тус олгосон зээлийн төслүүд хэрхэн хэрэгжиж байгаатай корпорацийнхан газар дээр нь очиж танилцлаа.


“Богд бүгийн гэзэг” ХХК нь эсгийний үйлдвэрлэл явуулдаг ба тоног төхөөрөмж авахаар 28 саяын зээл авчээ. Авсан зээлийнхээ хүрээнд 2 ээлжийн самнах төхөөрөмж авч, эхний ээлжийн төхөөрөмжөө авч ирсэн ба одоо үүнийгээ тулгуурлан эсгийний үйлдвэрлэл явуулж байна. Тус компани ноосоо ангилан ялгаж, сарлагийн хөөвөр, ямааны хялгас оролцуулан хонины ноосоор монгол гэрийн зориулалттай дээвэр туурга зэрэг бүх төрлийн бор, цагаан эсгий хийдэг аж. Самнах төхөөрөмж авсанаараа ажиллагсадын ажлын бүтээмж өндөрсөж, илүү олон эсгий үйлдвэрлэж,  түүний чанар сайжирсан, эрэлт ихэссэн зэрэг олон давуу талууд гарч улмаар борлуулалт ч сайжирчээ. Тус эсгийний үйлдвэр нь 11 сар хүртэл 500 гаруй ширхэг эсгий үйлдвэрлэх төлөвлөгөөөтэй ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 300 гаруйг үйлдвэрлэж худалдан борлуулаад байгаа юм байна. Үйлдвэр нь дөрвөн ажилчинтай байсан бол одоо нэмж мөн тооны хүнийг ажлын байраар хангажээ. Тус үйлдвэр нь 5м*1.9м харьцаатай эсгийг 65.000 төгрөгөөр зах зээлд нийлүүлдэг юм байна.


Хэрчсэн гурилын “Тост”  үйлдвэр нь  50 сая төгрөгийн зээлд хамрагдсан. Орос улсаас оруулж ирдэг олон төрлийн хэлбэртэй гоймонг орон нутагтаа үйлдвэрлэх боломжтой гэсэн судалгаа хийж, тоног төхөөрөмжөө авахаар Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпорацид төслөө өгчээ. Төсөл дэмжигдсэнээр зээлээ авсан ба олон хэлбэрийн гоймон үйлдвэрлэх төхөөрөмж 10-аад хоногийн дараа аймагт ирэх ба гоймонгийн үйлдвэрлэл явуулах өргөтгөл барьж тохижуулжээ. Тус үйлдвэр нь одоо байнгын 16 ажилчинтайгаар олон хэлбэрийн гоймонгоо үйлдвэрлэж эхлэхээр 7-8 хүнийг ажлын байраар хангах тооцоотой байгаа аж.


“Шинэ хувцас” оёдлын үйлдвэр 25 сая төгрөгийн зээлд хамрагдсан. Байнгын 3 ажилчинтай ба европ хувцас, гадуур хувцас, ажлын хувцас, пальто, куртик, плать зэргийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж байна. Оёдлын хэд хэдэн төрлийн машин болон бусад тоног төхөөрөмж авч, үйл ажиллагаа явуулах тохитой ажлын байртай болжээ. Одоо зарим нэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болоод байгаа ба цаашдаа захиалгаа нэмж ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ мэтээр зээл өгсөн ААН-үүдийн үйл ажиллагааг хэрхэн явагдаж байгааг тус корпораци энэ намар нэг бүрчлэн газар дээр нь очиж судлаж танилцах  юм байна.

Сонирхуулахад, Урьд нь банк болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан нь үйлдвэрлэгчдийн хүссэн зээлийг бүтнээр нь олгодоггүй, ихэвчлэн хасаж танадаг байжээ. Энэ нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад, тоног төхөөрөмж авахад юу юундаа хүрэлцдэггүй, улмаар үйлдвэрлэл болон бизнесийн үйл ажиллагаа нь олигтой хөгжиж чадахгүй, доголдолтой байсан гэдгийг тус ААН-үүд  ярьж байна. Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпорациас олгогдсон зээл нь  хүүгүй, банкаар дамжаагүй, 2 дахь жилээс эргэн төлөлт хийгдэнэ, зээлийн уян хатан нөхцөлтэй, хамгийн гол нь итгэлцэл дээр суурилсан гэдгээрээ үйлдвэрлэгчдэд олон давуу талтай. 

                                                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ