Гэмт хэрэг зөрчилгүй баг шалгаруулахаар болов

Орон нутагт | Дундговь
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:01:36

“Гэмт хэрэг зөрчилгүй баг” хэмээх болзолт аяныг Сайнцагаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газартай хамтран аймгийн төвийн багуудын дунд зарлалаа.

Гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй, архины хамааралтай иргэдэд үе шаттай сургалт хийж, иргэдийг ажлын байраар хангахад нь туслаж дэмжих, багийнхаа нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлд анхаарал хандуулж, багийн иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг явуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийн самбар гаргаж, олон нийтийн гудамж талбайд байршуулах зэргээр хорь гаруй ажил аяны хугацаанд өрнөнө.

Аяныг үр дүнтэй явуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгааг багийн иргэддээ зохион байгуулж ажиллахад багийн Засаг дарга, Нийгмийн ажилтнууд, Олон нийтийн цагдаа идэвхи санаачлагатай ажиллах юм байна. 11 дүгээр сарын эцсээр аяныг дүгнэж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг илүү санаачлага, үр дүнтэй зохион байгуулсан багийг шалгаруулж урамшуулах ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд