Түвдийн өндөрлөг дэх түмэн өнгө-4

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
mn_tuul@montsame.mn
2017-09-11 15:07:49
Хятад хүмүүс дотор Шинжаан болон Түвдийг үзэх сонирхол өндөр гэнэ. Харин Түвдэд ирсэн тохиолдолд Их зуу хийдээр ороогүй бол Лхаст ирээгүйд тооц гэсэн үг байдаг юм байна. Учир нь Их зуу хийд нь Лхас хот байгуулагдахаас өмнө үүсэлтэй. Иймээс бид Их зуу хийдээр орлоо. Түвдэд хөл хөдөлгөөн ихтэй газруудын тоонд ер нь сүм хийдүүд л орно шүү. Энэ жишиг Их зуу хийдэд мөн адил үйлчилж байв.

Хийдийн үүдний хоёр хацраар бурхан шашны болоод бэлэг дурсгалын дэлгүүрүүд байрлажээ. Үүдэнд байрлуулсан хоёр том сангийн войпороос арц хүжний утаа саагна. Салхи хааш эргэнэ, тэр зүгт бөөн утаа май. Гол хаалганд тулж ирэхэд үндэсний хувцасаа өмссөн нэгэн настан биднийг  угтан мэндчилсэн нь Лхас хотын унаган иргэн Гүнсэн гуай аж. Хийдээс гарахдаа бид хөгшнөөс яриа авсан.



Тэрээр, “Намайг залуу байхад Лхас хотын хөгжил дор, гэрэл цахилгаангүй, зам харгуй гэж олигтой юм байсангүй. Бид шавартай замаар л явдаг байлаа. Олигтой гүүр ч гэж байгаагүй. Одоогийн байгаа бүхнийг залуудаа төсөөлж ч байсангүй. Лхас хот зүүдний юм шиг нүдний өмнө өөрчлөгдөж байна” хэмээв.

Тус хийдийг Түвдийн хаан Соронзонгомбо Непалаас буулгасан хатандаа зориулж барьжээ. Хатан нь хийд барих газраа сонгож чадахгүй байсан тул хуруундаа зүүж явсан бөгжөө авч шидэхэд нууранд унаснаар Их зуу хийдийг нуурын усан дээр барьсан гэж түвдчүүд ярьдаг аж. Тиймээс хийд доторх тусгай цооногт чихээ наавал галууны ганганаа, усны чимээ сонсогддог гэх юм билээ. Мөн хийдийн гол хаалга баруун тийш харсан байдаг нь Непал орны зүг хандуулсан хэрэг гэнэ. Харин Бага зуу хийдийг Тан гүрнээс буулгасан хатан Вань Чэндээ зориулж босгосон ч соёлын хувьсгалын үеэр юу ч үгүй сүйдсэн байна. Азтай гэмээр тохиолдлоор тухайн үед Их зуу хийд үр тарианы агуулах байсан тул төдийлөн эвдэгдээгүй ба хийдийн гол шүтээн нь 12 настай Шагжамуни бурхан юм.

Хийдийн гол хаалгаар орж очиход цэлгэр талбай байх ба эргэлчид мөргөлчид дотогш орохоор зүүн гар талаар нэг эгнээ болон чигжүүхэн зогссон байв. Ингэхээр уг хийд нь нэг талдаа эргэл мөргөлийн газар, нөгөө талдаа аялал жуулчлалын нэгээхэн том цэг болж таарав. Монголд сүм хийдээр настайчууд голдуу явж харагддаг бол тэнд 20 гаруй насны залуус эрхи барьж маань уншиж явах юм. Үүд хавиар бол сунаж мөргөсөн мөргөлчдийг захаас аваад харах болно. Тэндхийн сүсэгтнүүд Их зууд ирэхдээ жижиг халуун саванд шар тос хайлуулж барьж ирдэг аж. Түүнийгээ тэд бараг бүсэлхийний түвшний өндөртэй, дотроо хэд хэдэн гол суулгасан томоо цөгцөнд нэмж хийж харагдана лээ. Зарим нэг нь нэгтийн дэвсгэртийн юанийг багцаар нь барьж иржээ. Бүүр явж сууж чадахаа байсан өндөр настайчууд ч үр хүүхдүүдээрээ түшүүлсээр ирж л байх. Тэгэх нь ээ уулын тагтан дээр амьдардаг малчин болов уу гэмээр эмгэн халуун зунаар үстэй дээлтэй буян хурааж ч явах шиг. Их зуу дотор нэг багана байна аа. Сунаж мөргөж явсаар Лхас хүрч чадаагүй талийгаачийн шүдийг уг баганад зоодог гэнэ. Ингэснээр тэр хүнийг Лхас хүрч, Их зууд мөргөсөнд тооцдог гэх. Энэ мэтийг харахаар Түвд орон бурханы шашны төв цэг хэвээр байна хэмээн дүгнэхэд амархан байлаа.



Буддын шашин нь VII зуунд Энэтхэг, Балбаас Түвдэд орж иржээ. Буддын шашин дотроо гэлүгва, нямава, сажава, гаржүдва гэсэн 4 урсгалтай. Өнөөдрийн байдлаар тэнд шашны үйл ажиллагаа явуулдаг 1700 газарт 46 мянган буддын шашны лам нар болон хандмаа нар шавилан сууж байна. Лам нар өмнө нь өргөл барьцаар амьдардаг байсан бол өдгөө ажиллах хүчний тоонд оруулж болохоор улсаас журамлажээ. Хэрэв хувраг хүн хүсвэл зам тавих, барилга барих зэрэг бүтээн байгуулалтын ажилд оролцож болно. Зарим тохиолдолд бизнес эрхлэх эрхтэй. Хэргэм зэрэг өндөртэй бол шашны сургуульд багшилж болно. Лам хүн өндөр насанд хүрэхэд үед өмнө нь шавь нар нь өргөж асардаг байсан бол одоо асрамжийн газрынхан ирж үйлчилдэг болжээ. Ер нь лам нар дундаас салан тусгаарлах хөдөлгөөн гардаг. Тиймээс сүм хийдүүдийг ихээхэн чанга хяналтад байлгадаг гэдэг юм билээ. Энэ нь ч үнэн байж мэдэх. Их зуу хийдийг үзэх үед үзэж яваа биднээсээ харж цагдаж яваа нь илүү олширсон тал ажиглагдсан юмдаг.



Түвд орны хамгийн том билэг тэмдэг бол Потало ордон. Уран барилгын хосгүй гайхамшигийг илтгэсэн Потала ордон нь XIV Далай ламыг 1959 онд Энэтхэг рүү зугтан гарах хүртэл түүний оршин суудаг ордон байсан. Эдүгээ цагт энэ ордонг музейн зориулалтаар ашигладаг. Бид өглөөгүүр уг ордныг үзэхээр очсон. Өглөө эрт гэхэд ордныг гороологчид олон байв. Түвдүүд нь андашгүй. Нэг гартаа эрхи эсвэл хүрд барьсан байх. Бүр баруун гартаа эрхитэй, нөгөөд нь хүрд барьчихсан хэт сүжигтэй хүмүүс ч харагдана. Эхнээсээ бидний мэдээлэл харуул хамгаалалтын албанд очсон байсан юм байлгүй, шалгаж сүйдсэнгүй. Энгийн иргэд харин хил гааль давж байгаа аятай цүнх саваа шалгуулсаар орж байв. Үүд хавиар мөнөөх л хоршоо мухлагууд ажиллаж байх. Бид очсон унаагаараа шууд 9 дүгээр давхар дахь тавцан дээр гарч  ирэв. Давуу эрх эдэлж байгаа нь тэр. Потала ордон уг нь 13 давхар байгууламж аж. Тэндээсээ бид дээш алхлаа. Дотогш нэвтрэх тасалбар 200 юань, зураг дарвал мөн 200 юань гэнэ. Бид нэг цагт багтаж тус ордныг үзэх учиртай. Хэрэв дотор нэг цагаас дээш хугацаанд саатвал илүү мөнгө төлөх гэнэ. Тэр өдөр бороотой өдөр таарсан. Гэвч ордоныг үзэхээр жуулчид шүхэр барин ээлжээ хүлээн дугаарлан зогсож байв. Поталаг өдөрт 5000 хүнд үзүүлдэг аж.



Есдүгээр давхарт хэд хэдэн лангуу байна аа. Тэдний бараа мэдээж гар дээрхээс хамаагүй үнэтэй юм. Гэтэл энэ хэсэгт зураг авч болдог. Дотор бол зураг авах, бичлэг хийхийг мөн л хориглодог аж. Чулуун хана бүхий тус ордон 1000 гаруй өрөөтэй гэх. Дотроо байгалийн гэрэлтүүлэг, борооны ус зайлуулагч, агааржуулагч гэх мэт барилга архитектурын гайхалтай шийдэлтэй. Шалыг нь нутгийн шаврыг зөөлөвч бүхий цохиураар олон удаа цохиж дагтаршуулжээ. Уг шавар бороонд дургүй. Ус хүрэхээр арзайдаг. Харин ус хүрэхгүй бол гөлийж, мэргэжлийн засал чимэглэлч зассан аятай тэгш гөлгөрөөрөө байсаар байдаг аж. Дотор талдаа  өргөн цэлгэр гудамгүй учир голдуу нэг нэгээрээ цуварч явав. Үе үеийн Далай лам нарын сууж байсан сэнтий, алтаар бүрсэн шарилын суварга, бурхад тэргүүтнийг харахад өөрийн эрхгүй сүсэг төрөх.  Ер нь Түвд нутаг ам дамжсан яриа, үлгэр домог ихтэй. Нэг дуу дууллаа гэхэд үүнийг VI Далай лам зохиосон юм. Түүнээс улбаалж VII Далай ламыг дуунд нэр нь гарсан нутгаас тодруулсан гэх жишээний. Эсвэл нэг тосгонд очлоо гэхэд 1000 жилийн түүхтэй ч гэх шиг.



Потала ордоныг үзэж яваа жуулчдыг харахад ихэнх нь дотор газрын хүмүүс зонхилох. Гэхдээ л орон орноос жуулчид ирж үзжээ. Тэд өөрийн орны мөнгөн тэмдэгтийг энд тэнд өргөл барьц болгосон уу, эс бөгөөс дурсгал болгож үлдээсэн үү ямартай ч дэлхийн олон орны мөнгө тэнд байх юм. Уул нь бол Потало ордон агуйгаас үүсэлтэй гэнэ. Тэрхүү агуй нь ч дотроо байдаг юм билээ. Дөрвөөс таван хүн орж зогсоход дүүрэхээр тийм л агуй байна лээ. Бид цаг нарт хавчигдаж, хүн урсгалд хөөгдөж явсаар ордоноос гарч ирэв. Гарч ирсэн даруйд хүмүүс зураг их авахуулах юм. Нам дор газрын хүмүүс бололтой, огиулж зогсоо нэгэн ч харагдана.







Түвдийн тухай тэмдэглэлээ үүгээр дуусгах нь. Дөрвөн цуврал бүхий тэмдэглэлээс минь Түвд рүү хийх аялалд тань хэрэг болох мэдээлэл олон байна байх гэж найднам. Хэрэв та тус орон руу нэвтэрч чадахгүйд хүрвэл түвд хүмүүстэй уулзах нэгэн гарцыг хэлж өгье. Байсгээд газар хөдөлдөг Сычуань мужийг та мэднэ дээ. Хятадын энэ муж нь нийт 90 сая хүн амтай ч тэдгээрийн 2 сая нь түвдчүүд. Тэнд бас хэд хэдэн тосгоноор орсон. Зам харилцаа сайтай, ямар ч төрлийн унааг аялалдаа сонгох боломжтой. Ер нь түвдийн өндөрлөг уулын зам ихтэй, ойр ойрхон огцом эргэлттэй, эргэлт бүр дээр жолооч нь сигналддаг. Өндрийн айдастай хүмүүст жаахан харш талдаа.  Бид Лхасын агаарт нэлээн дассан болоод тэр үү, Сычуанд ямар ч өндөрт гарсан төдийлөн нөлөөлөөгүй. Эсвэл цаг агаар нь арай өөр байсан уу, юутай ч түвдүүд шиг ойр ойрхон амьсгалж сураагүй нь л лавтай.







Тэндхийн түвдчүүд Өөртөө засах орны түвдчүүдээсээ дутахгүй элгэмсэг. Мөн л газар тариалан, МАА эрхэлдэг. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал тэдний амьжиргаанд ихээхэн нөлөө үзүүлж байгаа. Тиймээс төрөөс тэдний хэл соёл, уламжлал болоод байгалийн тогтоцыг хэвээр хадгалах бодлого хэрэгжүүлж буй. Төрөөс хөрөнгө мөнгө хангалттай цацаж байгаагаас амьжиргааны хувьд хэнээс дутахааргүй болжээ. Амьжиргаа сайжрахын хэрээр амьдралын хэв маягт дэвшил гарч, дундаж наслалт 70 руу орж байгаа гэнэ. Тавин жилийн өмнө түвд хүний дундаж наслалт 30 байсан гэнэ.

Нэгэнт Сычуаний нэрийг дурдсаных цөөн үг тавих нь зөв байх. Энэ муж панда баавгайны эх орон гэдгээрээ алдартай. Тус мужийн төв Чөндүд буусан оройгоо шөнийн худалдааны гудамжаар оров оо. Нөгөө сайн хүний нэрийг гурав нугалж иднэ гэх монгол үг санаанд эрхгүй санаанд бууж билээ. Учир нь тус худалдааны гудамжинд худалдаалж байгаа бараа турууны хэдэн хувь нь пандатай холбоотой бүтээгдэхүүн юм бэ дээ. Хаашаа л харсан панданы зурагтай эд бараа. Тэнд би хэнтэй таарсан гээч. Бурхан зураач нөгөө Гонгоржав сургалтад суухаар ирсэн хэмээн ярьж таарсан. Мянган хүний зүс тогтоохоор, нэг хүний нэр тогтоо гэж. Мөн тус муж халуун ногоотой амтлаг хоол хийдгээрээ танигдсан. Халуун ногоотой хоол гэхээр манайхан муухай гэж ойлгоод байх шиг байдаг. Хэл ам дарвигнах ч дахин идэх хүсэл төрөөд байдаг сонин хоолтой газар байна лээ.



Эцэст нь хэлэхэд Түвдчүүдийн энэ хэртэй уусч мөхөөгүйн шалтгаан нь сарлаг, түвд хүн хоёроос өөр амьд амьтан тогтож амьдрахааргүй өнөөх өндөрлөг нутаг нь байж. Өнөө цагт бол тэднийг байгаагаар нь байлгаж, амьтны нүд хужирлах аялал жуулчлалын бодлого аварч байна гэсэн бодолтой л буцаж ирэв дээ.

 
Б.Туул
 
Холбоотой мэдээ