Монгол иргэд Хятадад цасанд боогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-11-07 16:01:56

БНХАУ-д их хэмжээний цас орсны улмаас Бээжингээс Эрээн рүү зорчиж явсан Монголын иргэд Жин-Тэй тосгоны ойролцоо цасанд боогдож, гурав хоног саатжээ.

Манай улсын нийт 200 гаруй иргэн цасанд боогдсоноос зарим нь Жин-Тэй тосгонд ирсэн бол зарим нь автобусандаа хоноглож байгаа аж. Энэ байдлаа монгол иргэд ар гэрийнхэндээ мэдэгдэж, улмаар Гадаад хэргийн яамныхан зохих мэдээллүүдийг авч ажилдаа орсон байна.

Энэ тухайд Гадаад хэргийн яамны консулын газрын ажилтан “БНХАУ-ын Эрээн хот, Хөх хотод Монгол Улсыг төлөөлөн суугаа консултай утсаар холбогдож зохих арга хэмжээг авахаар ажиллаж байна” гэсэн хариуг өгчээ. Мөн цасанд боогдсон иргэдийн ар гэрийнхэнд хандаж  холбогдох гар утасных нь дугаарыг өгөхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.

Хятадын цаг уурын албаныхан цас хоёр долоо хоног үргэлжлэн орно гэж мэдээлж байгаа аж.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ