Шинээр сонгогдсон Буриадын төрийн тэргүүн сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-16 11:24:35
УЛААН ҮҮД./ТАСС/. Буриадын шинээр сонгогдсон төрийн тэргүүн Алексей Цыденов сонгуульд ялсан болохыг нотлох үнэмлэхээ гардан авчээ. Уг баримт бичгийг гардуулах ёслол баасан гарагт тус бүгд найрамдах улсын сонгуулийн комиссын байранд болсон байна.

“Сонгуулийн кампанит ажлын төгсгөлийн ёслол нь Буриадын төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигч, тус улсын сонгогчдын шинээр сонгосон Алексей Самбуевич Цыденовт сонгуульд ялалт байгуулсан тухай зохих үнэмлэхийг гардуулах явдал юм” хэмээн бүс нутгийн сонгуулийн хорооны дарга Дмитрий Ивайловский уг баримт бичгийг гардуулах үеэрээ хэлжээ.

Мөн тэрбээр, “Буриадын төрийн тэргүүний сонгууль амжилттай болж, үр дүн нь хүчинтэй болсныг хүлээн зөвшөөрсөн” гэдгийг онцлон дурджээ.

А.Цыденов өөрийг нь дэмжин сонгосон сонгогч олондоо талархаж байгаагаа илэрхийлж, сонгуулийн хорооны ажилд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. “Иргэд намайг тодорхой үр дүн гаргана гэж итгэж найдан сонгосон гэж би ойлгож байна. Өндөр итгэл үзүүлж байгаа нь надад маш их хариуцлагыг ногдуулж байна. Одоо хурдтай ажиллах хэрэгтэй байна, иймд бид засагтайгаа гар нийлэн ажиллана гэж бодож байна” гэж А.Цыденов хэлжээ.

Буриадын төрийн тэргүүний шууд сонгууль 15 жил завсарласны эцэст энэ оны 9 дүгээр сарын 10-нд явагдсан юм. Төрийн өндөр албан тушаалд “Оросын коммунист нам”-аас Батодалай Багдаев, Оросын либерал ардчилсан намын Буриадын бүс нутгийн салбарын зохицуулагч Сергей Дорош мөн Буриад улсбн төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Алексей Цыденов нар нэр дэвшин өрсөлджээ.

А.Цыденовын төлөө 260 028 сонгогч буюу нийт сонгогчдын 87,43 хувь нь саналаа өгчээ. Буриадын төрийн тэргүүний сонгуулийн ирц 41,6 хувьтай байсан байна. Тус улсын шинээр сонгогдсон төрийн тэргүүний тангараг өргөх ёслол 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаан Үүд хотод болох юм.
О.Барс
Холбоотой мэдээ