Дорнод аймаг таван “Эко сургууль”-тай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-17 11:23:38

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгаас “Тогтвортой хөгжлийг дэмжигч эко сургууль” хөтөлбөрт ерөнхий боловсролын таван сургууль хамрагдаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд “Эко сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Улсын хэмжээнд, эко сургууль хөтөлбөрийн сүлжээнд элссэн 11 аймгийн 55 орчим сургуульд анхан шатны сургалтууд энэ хавар эхэлсэн. Дорнод аймгийн хувьд хөтөлбөрийн хоёр дахь шатны сургалт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрөв. Сургалтад 2, 5, 8-р сургууль болон Баян-Уул, Дашбалбар сумын ерөнхий боловсролын сургуулийн 40 гаруй багш, сурагч хамрагдлаа. Гурав дахь шатны сургалт ирэх сард болох төлөвлөгөөтэй аж. Үүний дараагаар сургуулиуд албан ёсоор “Тогтвортой хөгжлийг дэмжигч эко сургууль” болж, туг гардан авах гэнэ.
Тус хөтөлбөр нь Байгаль орчны менежментийн систем ISO 14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэдэд хүргэж, тэдний оролцоог нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой олон улсын хөтөлбөр юм.


Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ