Мөрдэс гоёсон бүсгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-17 20:52:12
Хэнтий /МОНЦАМЭ/. Мөрөн дээрээ алтан туузтай
Мөрдэс гоёсон онцгой бүсгүй
Сүлд тэнгэртээ алдрын одтой
Сүү үнэртсэн цэргийн бүсгүй
Тэнгэрлэг эрстэй мөр зэрэгцсэн
Даруухан дүртэй эгэл бүсгүйн талаар уншигчидтайгаа хуваалцъя.
 
Гоёлын даашинзаа цэргийн дүрэмт хувцсаар сольж, гоо сайхан царайгаа соёмбот малгайн дор нуусан Онцгой албаны бүсгүйчүүдийн алдар гавьяа их. Эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн зүтгэж яваа мөрдэс гоёсон бүсгүйчүүдийн нэг нь Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Дашзэвэгийн Тунгалагтуул юм.
 
Жаргалтхаан сумын уугуул Дугарын Дашзэвэг, Өмнөдэлгэр сумын уугуул Дамбадаржаагийн Дулмаа нарын 9 хүүхдийн 6 дахь нь  болж мэндэлсэн Д.Тунгалагтуулын бага нас Хэрлэн сумын нэгдүгээр баг буюу бидний хэлж заншсанаар “Хийдийн суурин”-нд эгэл хүүхдүүдийн адил инээд хөөр, баяр баяслаар дүүрэн өнгөрчээ. Энгийн хөдөлмөрч гэр бүл охин Тунгалагтуулыгаа нягтлан бодогч мэргэжилтэй хүн болгоно хэмээн ярьдаг байсан ч охин арван жилийн сургуулиа төгсөн, Иргэний боловсрол Улс төрийн их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, Тагнуулын академийг Эрх зүйч мэргэжлээр суралцан төгсөж цэргийн хүн болжээ. 
 
Та бидний амар амгалан амьдралын төлөө тангараг өргөж,  амсхийх завгүй ажиллаж яваа энэ бүсгүй 1992 онд Хэнтий аймгийн Түймэр  эсэргүүцэх агаарын харуулын албанд  бичиг хэрэг, холбоочноор ажиллах болж, ажил амьдралын  их харгуйд хөл тавьсан гэдэг.
 
Тус албанд 25 дахь жилээ тасралтгүй зүтгэж яваа Тунгалагтуулын хувьд  1993-1994 онд холбоочин, бичиг хэрэг, 1994-1997 онд Боловсон хүчин, бичиг хэрэг, 2000-2004 онд нярав, бичиг хэрэг, 2006-2014 онд Онцгой байдлын хэлтэс, газарт нярав, Бичиг хэрэг, архивын эрхлэгч, 2014 оноос сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан  мэргэжилтний албан тушаалд тус тус томилогдон  ажиллаж явна.  
 
Хүний амьдралын 25 жил гэдэг дэндүү их цаг хугацаа. Мөрдэсээр гоёл хийж, мэдлэгээр ухаан тэлсэн  энэ л хугацаанд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн  ойн медаль, Цэргийн хүндэт медаль, ОБА-ны Тэргүүний ажилтан цол тэмдэг, ОБЕГ-ын Хүндэт жуух бичиг,  Байгууллагын Тэргүүний албан хаагч, Байгууллагын аваргаар 2008,  2009, 2012 онд, Онцгой байдлын албаны төлөө 1, 2, 3  дугаар зэргийн тэмдэг,  Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, “Аймгийн хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдаад байна.
 
Ололт амжилтаар дүүрэн он цагийнх нь бас нэгэн бүтээл бол түүний гэр бүл юм. Өргөө гэрийнх нь алтан багана, чандмань эрдэнэ шиг 3 сайхан охиных нь эцэг Агвааны Оюунсайхан хэмээх даруухан залуутай ханилж, халамж, хайраар бялхаж явсан цаг түүнд бий. Нар хиртэж, сүү ээдсэн сүүдэрт өдөр бүсгүйн амьдралд тохиож, ханиа хүний гарт алдсан харамсалт өдрүүдийг туучин яваа тэрбээр алтан соёмбот мөрдэстөө нулимс үл дусаан,  амгалан эх орныхоо энхийн манаанд үүрэг хүлээн зогсоо...

Жаргал зовлон ээлжилсэн амьдралын их далайд хатан ухаан, хат суусан сэтгэл хоёроороо сэлүүрдэн яваа Мөрдэс гоёсон энэ л бүсгүй Монголын олон олон мөрдэст бүсгүйчүүдийн нэгэн цаг үеийн бахархалт төлөөлөл мөн билээ. 

Гал усны гашуун зовлон, гамшиг ослын аюулт цаг хугацааг сөрөн зогсож, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын төлөө халуунд халж, хүйтэнд хөрч явдаг  эрэлхэг цогтой онцгой байдлын албан хаагчдын яруу алдар үүрд мандан бадраг. 
 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ