Н.Мадуро өөрийгөө И.Сталинтай төстэй гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-18 15:45:41
КАРАКАС./ТАСС/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өөрт нь Иосиф Сталинтай адил төстэй талууд байна гэж үзэж байгаа ажээ. Тэрбээр энэ тухайгаа Венесуэлийн “Venezolana de Television” телевизийн “Ням гараг” нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдэгджээ.

“Дэлхий даяар намайг Карибын Сталин гэж үздэг хүмүүс бий. Нээрээ ч би түүнтэй адилхан. Намайг хажуу талаас хар. Заримдаа би өөрийгөө толинд хараад Сталинтай нээрээ адилхан юм шиг надад санагддаг юм” хэмээн тэр ярьжээ.

Мөн тэрбээр түүнийг шүүмжилдэг дэлхийн улс орнуудын тэргүүн нар өөрийн улс орондоо Н.Мадурогоос ч илүү хатуу аргыг ашигладаг гэжээ. “Испанийн Засгийн газрын удирдлага Мариано Раха 700 хотын даргыг баривчлахаар Каталони руу цагдаа илгээж байсан. Тэгэхээр хэн нь дарангуйлагч шиг байна вэ? Сөрөг хүчиндээ бүх нийтийн санал асуулга явуулахыг зөвшөөрдөг Н.Мадуро юу, аль эсвэл Каталоны амыг нь барихыг завдсан М.Раха дарангуйлагч уу?” хэмээн тэр онцлон тэмдэглэжээ.

7 дугаар сарын дундуур Н.Мадурогийн улс төрийн өрсөлдөгчид бүх ард түмний санал асуулга гэгчийг зохион байгуулсан ба уг санал асуулгаар тус улсын Үндсэн хуулийн ассамблейг зарлан хуралдуулах талаар иргэдийнхээ саналыг авсан юм. Венесуэлийн Ерөнхийлөгчийн хэлснээр, “уг санал асуулга хууль бус байсан хэдий ч тэрбээр уг санал асуулгыг хамгаалалтаар хангахыг тушааж” байжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ